Хүний эрх зөрчиж, хасах хэмд гадаа гавласан асуудалдаа цагдаагийн байгууллагаас хүлцэл өчлөө

Хүний эрх зөрчиж, хасах хэмд гадаа гавласан асуудалдаа цагдаагийн байгууллагаас хүлцэл өчлөө

Завхан аймгийн Тэлмэн сумын цагдаа согтуу иргэнийг гадаа гавлаж, хүний эрхийг зөрчсөн гэх асуудал олны дургүйцлийг төрүүлээд байсан. Тэгвэл тус цагдаагийн газраас тухайн иргэн болон олон нийтээс хүлцэл өчжээ. 
 
Тодруулбал, "2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 51 минутад Завхан аймгийн Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш Ц-ээс “Дотуур байранд согтуу хүн орж ирээд хүүхдээ хөдөө гэр рүүгээ авч явна гээд хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсэн.
 
Энэ дагуу тус сумын хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаагийн хамтаар хүлээн авч холбогдох шалгалтын ажиллагааг хийхэд тус сумын Баян айраг багт оршин суух иргэн “М” нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг зөрчиж “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодсон болох нь тогтоогдсон. Тиймээс тээврийн хэрэгслийг Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу түр саатуулах хашаа /байр/-д байрлуулж, Цагдаагийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйл /Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх/, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны А/224, А/102 дугаартай "Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар"-ын Гуравдугаар бүлгийн 3.4.е /Гавыг хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирхааргүй үл хөдлөх зүйлээс түр хугацаагаар холбох/ дэх заалтыг үндэслэн зөрчил гаргасан иргэнд нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэсэн.
 
Энэхүү журмыг хэрэглэхдээ хүний эрхийг зөрчиж хасах хэмд гадаа иргэнийг гавласан асуудалд Аймгийн цагдаагийн газраас тухайн иргэнээс ХҮЛЦЭЛ өчиж байна.
 
Цаашид гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаа явуулахдаа хүний эрхийг дээдлэн иргэнтэй хүндэтгэлтэй харьцаж байх талаар нийт алба хаагчдад үүрэг ажлын чиглэл өгч ажиллаж байна. ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР" гэжээ.