“Төрийн суртал ухуулгын тусгал болохыг хүсэхгүй байна” хэмээн бичсэн Орос багшийг ажлаас нь халжээ

“Төрийн суртал ухуулгын тусгал болохыг хүсэхгүй байна” хэмээн бичсэн Орос багшийг ажлаас нь халжээ

Газарзүйн багш мэргэжилтэй 28 настай Камран Манафли гэх ОХУ-ын иргэнийг Украины нөхцөл байдлын асуудлаар Засгийн газрын байр суурийг эсэргүүцсэн хэмээн ажлаас нь халжээ.

Тодруулбал, тэрбээр ОХУ-д барууны орнууд хориг арга хэмжээ авахаас хэдхэн хоногийн өмнө өөрийн инстаграм хуудастаа “Би төрийн суртал ухуулгын нэг тусгал болохыг хүсэхгүй байна. Надад өөрийн гэсэн бодол, байр суурь бий. Би үүнийг бичихээс айхгүй” хэмээн бичжээ. Үүнээс хоёр цагийн дараа сургуулийнх нь захирал түүн рүү залгаж, “бичсэн зүйлээ нэн дагуй устга, эсвэл ажлаасаа гар” гэж шаардсан байна.  

Манафли “Би бичсэн зүйлээ устгахыг хүсээгүй. Энэ асуудлаар маргах нь утгагүй гэдгийг мэдэж байсан тул ажлаа өгөх нь дээр гэж бодсон” гэжээ. Маргааш нь Манафли халагдах өргөдлөө өгч, өөрийн эд зүйлсээ авахаар сургууль дээрээ ирсэн боловч түүнийг оруулахыг хориглосон байна. Энэ талаар тэрбээр “Намайг оруулахгүй гэсэн захирамж гарсан байсан. Хоёр хоногийн дараа ажил дээрээ иртэл намайг ёс суртахуунгүй үйлдэл хийснийхээ төлөө ажлаас халагдсан гэж мэдэгдсэн. Тэд хувийн үзэл бодлоо илэрхийлж байгааг минь ёс суртахуунгүй гэж дүгнэж байгаа нь үнэхээр хачирхалтай санагдаж байна” гэжээ.

Эх сурвалж: CNN