АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийлээ.
Олон нийтийн зөвлөлийн гишүүн Б.Отгон "Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 65 хувь буюу чанаргүй ангилалд орсон нь Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэж байна. Тиймээс ч холбогдох байгууллагад нь хандаж хянаж, шалгахаар хандаж байсан. Гэсэн ч өнөөдөр хэдэн төлөлт хийгдснээс бус өөрөөр дорвитой үр дүн гарсангүй. Хөгжлийн банкны зээлдэгч нартай Сангийн сайд, Ерөнхий аудитор, УИХ-ын гишүүд гээд эрх мэдэл бүхий хүмүүс нэр холбогдсон учраас энэ асуудал үр дүнд хүрэхгүй байна гэж үзэж байна. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт хандаж, мэдэгдэл хүргүүлж байна" гэв.
ОНЗ-ийн гишүүн н.Гантөмөр, Нэгдүгээрт: 2017 оны дөрөвдүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай” хуулийн:
- 22-ын 2-д Улсын Их Хурал Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төслийн жагсаалтыг тусгайлан батлахгүй.
- 23-ын 2-д Засгийн газар Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тусгайлан батлахгүй
гэж өөрчлөлт орсон. Товхондоо, Хөгжлийн банкны зээлийн шийдвэр, олголтыг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирал өөрсдөө мэддэг болсон гэсэн үг.
Харин өнөөдөр олны анхааралд ороод байгаа чанаргүй зээлдэгчид, зээлдэгчдээс гадна тэдэнд зээл олгосон Хөгжлийн банкны үе, үеийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, тус банкны гүйцэтгэх захирлуудыг шалгаж ёстой" гэж үзэж байна" гэлээ.
ОНЗ-ийн гишүүн Х.Бат-Ялалт, Хоёрдугаарт: “Прокурорын тухай” хуулийн:
- 8.1-д Хуулиар нууцлахаар тогтоосноос бусад асуудлаар гаргаж байгаа прокурорын шийдвэр ил тод байна.
- 8.2-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх болон хуулиар хориглосноос бусад тохиолдолд прокурор, түүний зөвшөөрснөөр холбогдох албан тушаалтан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, шийдвэрлэлтийн талаар олон нийт, албан тушаалтан, хүн, хуулийн этгээдэд мэдээлэл өгч болно.
гэж заасан байдаг. Иймд прокурорын байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд “Хөгжлийн банкны хэрэг” гэх энэ асуудлын “мэдээлэл”-ийг олон нийтэд нээлттэй байлга гэсэн хүсэлтийг тавьж байна" гэлээ.