Хөвсгөлийн тайгад зураг авалтаа хийсэн клип Английн шилдэг альтернатив төрөлд нэр дэвшжээ

Хөвсгөлийн тайгад зураг авалтаа хийсэн клип Английн шилдэг альтернатив төрөлд нэр дэвшжээ

Устаж буй байгаль дэлхийн тухай голлон өгүүлсэн Repeat Until Death хэмээх нэртэй Английн дуучин Novo Amor-ын клипны зураг авалтыг А.Миеэгомбо нар найруулж Хөвсгөлийн тайгад зураг авалтыг нь хийсэн байдаг. Тус клипэнд жүжигчин Н.Ялалт, Б.Мөнхжин нар тогложээ. Тэгвэл тус клип Английн Music Video Awards 2019-д "Оны шилдэг альтернатив клип" төрөлд нэр дэвшин өрсөлдөж байгаа ажээ. 

Энэ тухай найруулагч А.Миеэгомбо нүүр хуудастаа: 

“Өнгөрсөн шөнө алс холын Сингапураас найруулагч найз Йорик маань баярлаж хөөрөхгүй байхын аргагүй нэгэн сайхан мэдээгээр гэнэтийн бэлэг барилаа. Устаж буй байгаль дэлхий, агаарын бохирдлын тухай голлон өгүүлсэн Repeat Until Death хэмээх нэртэй Английн дуучин Novo Amor-ын клипийг Сингапураас Йорик, Голландаас Сийл, Малайзаас Ник, Украйнаас Казрагите, Монголоос Бямбаа бид хоёр хамтран, Сийл, Йорик 2 маань найруулж, Хөвсгөлийн их тайгад бид хамтдаа дүн өвлийн -40 градуст цөхрөлтгүй ажиллан бүтээснийг би өмнө нь цухас сонирхуулж байсан. Уг клипний гол дүрд Н. Ялалт ах маань Б. Мөнхжин охины хамтаар чадварлаг сайхан тоглож манай багийнхныг гайхшруулж байсан бол энэ удаа клип маань Английн Music Video Awards 2019-д "Оны шилдэг альтернатив клип" төрөлд нэр дэвшиж дэлхийн дэвжээнд өрсөлдөхөөр болсон гайхам сайхан мэдээ хүлээж авлаа. Зөвхөн Англи төдийгүй олон улсын уран бүтээлчдийн дуу, клипийг:

  1. Шилдэг поп клип
  2. Шилдэг рок клип
  3. Шилдэг альтернатив клип
  4. Бүжгийн төрлөөр дагнан бүтээгдсэн шилдэг клип
  5. Хотын сэдэвт шилдэг клип зэрэг үндсэн номинациудаас гадна нийт 32 төрөлд шалгаруулдаг дэлхийн нэр хүндтэй энэ наадамд бидний бүтээл нэр дэвшиж буй нь бахархахгүй байхын аргагүй үйл явдал юм.

UK Music Video Awards 2019 ёслолын ажиллагаа нь Лондон хотноо энэ 10 сарын 23-нд болох бөгөөд уран бүтээлчид маань нэр дэвшсэн төрөлдөө шилдэгээр шалгараасай хэмээн битүүхэн догдлоостой хүлээж сууна.

Дашрамд хэлэхэд энэ сайхан уран бүтээлийг санаачлан зохиолыг нь бичиж, найруулсан Сийл, Йорик хоёр, оператор Ник, туслах Казрагите, өчүүхэн надад итгэл үзүүлэн урьж энэ сайхан төсөлд татан оролцуулсан Line producer, эрхэм найз А. Бямбадорж, гол дүрийн жүжигчин Н. Ялалт, Б. Мөнхжин нартаа гүнээ талархаж мэхийн ёслоё” гэжээ.