Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь Монгол цэргийн баяраар олон нийтэд хандан үг хэлэхдээ “Архидалттай тэмцье” уриалгыг дэвшүүлсэн.
2008 оноос хойш архи согтууруулах ундааны хэрэглээ тасралтгүй өсч 21-ээс дээш насны 1 хүнд жилд 45 литр, архи 12 литр ноогдож байгаа нь архины үнэ хямд, дотоодын үйлдвэрлэл 3 сая литрээс 21 сая литр хүртэл нэмэгдсэнтэй холбоотой байна гэсэн судалгааг Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.
Дотоодын үйлдвэрийн цагаан архины нэрлэсэн үнэд эзлэх онцгой татварын хувь хэмжээг 2008 онд 38% байсан бол 2020 онд 39.5% байгаа нь өнгөрсөн 13 жилийн хугацаанд бүтээгдэхүүний үнэд эзлэх татварын хэмжээнд тодорхой өөрчлөлт гараагүй гэж тэд үзсэн байна.
Тиймээс татвар тооцох аргыг эрс өөрчлөх шаардлагатайг эрдэмтдийн багийн судалгаанаас харж болох аж.
Өөрөөр хэлбэл архи, согтууруулах ундаанд ногдуулсан онцгой татвар нь үнийг бодитоор өсгөж, худалдан авалтыг бууруулахад биш, харин инфляцийн түвшинг тусгахад чиглэсэн байна.
Согтууруулах ундааны үнэ тухайн бүтээгдэхүүний хатуулаг болон эзлэхүүний хэмжээтэй уялдаагүй бөгөөд борлуулалтын үнэд эзлэх онцгой татварын хувь олон улсын жишигтэй харьцуулахад 2-3 дахин бага байна. Цаашид архинд ноогдуулах татварыг хатуулаг (40-60 хувь болгох), стандарт уултанд (1 стандарт уултын үнэ) суурилан тооцож нэмэгдүүлэх шаардлагатай. Хүн амын эрүүл мэндэд бодитой хувь нэмэр оруулах, өвчлөл нас баралтыг бууруулахын тулд нэгж стандарт уултын үнийг хамгийн багадаа 1000 төгрөг, нэгж хатуулагт ноогдох онцгой татварын хэмжээг 380 төгрөг болгон нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн судалгааны дүн гарчээ.
-Татвар, борлуулах өдөр,
-Цагийн хязгаарлалт,
-Зорилтот бүлэгт чиглэсэн арга хэмжээг цогцоор үр дүнтэй хэрэгжүүлбэл 2030 он гэхэд нэг хүнд ноогдох архины хэрэглээ 2- 2.5 дахин буурах боломжтой байна.