ТikTok А.Соёлоо: Хүүхдүүд “Зургаа авахуулъя” гээд ирэхээр нь ичээд байдаг юм

ТikTok А.Соёлоо: Хүүхдүүд “Зургаа авахуулъя” гээд ирэхээр нь ичээд байдаг юм

Уншигч та бүхэнтэйгээ энэ удаа бид “ТИК ТОК” гэх аппликейшн ашиглан олон нийтийн хайр, хүндэтгэлийг хүлээгээд буй нэгэн хэрэглэгчийг уулзуулж байна. Тэр бол Баянзүрх дүүрэгт жирийн нэг төрийн албан хаагчаар ажилладаг ч сошиал орчинд өөрийн олон мянган дагагч, олон мянган фен, өсвөр үеийнхний үлгэр дуурайлал болсон бүсгүй А.Соёлоо юм. Түүнтэй бид Тик ток апп-ын талаар болон сошиал орчинд хэрхэн амжилтад хүрсэн түүхээс нь хуваалцан, цөөн хором ярилцлаа.

Ярилцлагыг уншихаас гадна Soundcloud ашиглан шууд сонсох боломжийг танд давхар олгов.  

А.Соёлоо:

-АМЬДРАЛД ТӨСӨӨЛӨӨГҮЙ ӨӨРЧЛӨЛТҮҮД ГАРЧ ИРСЭН-

-Юуны өмнө та өөрийгөө уншигчдад маань танилцуулна уу

-iSee.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг А.Соёлоо гэдэг. Би Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтнээр ажиллаад хоёр жил, тус дүүрэгт долоо дахь жилдээ ажиллаж байна. Миний мэргэжил багш, Отгонтэнгэр их сургуулийг төгссөн. Бага насаа нийслэлд өнгөрүүлсэн, Увс аймгийн харьяат хүн байна.

-Таныг олон нийтийн сүлжээнд ихэвчлэн хардаг, тэр дундаа Тик ток-оор таныг илүү сайн таних болж. Энэ апп-тай та анх хэзээ танилцаж байсан, анхны бичлэгээ хэрхэн оруулж байсан, ямар бичлэг байсан тухай түүхээ хуваалцвал?    

-“Burberry” өмсчихсөн, хэрүүл хийж буй эмэгтэйн бичлэг Тик ток-д орж, сошиалаар битүү тарсныг анх харчихаад “Юугаар ингэж дуурайлгаж хийгээд байгаа юм бол” гэж сониохож бодсон ч, тэгэсгээд мартчихсан. Дараахан нь амралтын өдрөөр гэртээ байж байтал дүү минь надад санал болгож “Ийм нэг апп байдаг, хоёулаа туршиж үзье” гэснээр л эхэлсэн. Миний анхны бичлэг “Улаанбаатарт нэг гоё дуу гаржээ” гэсэн утга бүхий тик ток байсан бөгөөд анхны бичлэг гэхэд маш олон хүнээс хандалт авсан. Ингээд л урамшаад хийж эхэлж байсан нь   2018 оны 11 дүгээр сарын сүүл үе байв.

-Хэн хүн бүр энийг тийм ч сайн хийж чаддаггүй, чадсан ч тань шиг богино хугацааны дотор ийм өндөр хандалт авах нь ховор. Таны юу хүмүүст таалагдаж, хандалт их авдаг гэж та ойлгодог вэ?

-/инээв. сурв/ Тэр минь таалагддаг гэж хэлэхэд хэцүү. Харин бичлэгүүд минь яагаад хандалт сайн авдаг вэ гэж бодохоор бичлэгүүддээ би аль болох хуурамч дүр гаргалгүй, чин сэтгэлээсээ хийхийг хүсдэг. Хоёрын хооронд юм хийлгүй, хүнд хүрсэн, хүнийг инээлгэж байхын тулд би түүнийг хийдэг. Илүү сэтгэл гаргадаг юм болов уу. Гэхдээ бусдыг сэтгэл гаргадаггүй гэж хэлж байгаа юм биш шүү. Харин чанартай хийхийг хүсдэг минь нөлөөлдөг байх. Би хүмүүс шиг тийм царайлаг, гоё бие хаатай биш шүү дээ. Тик ток хэрэглэгчийн 70-80 хувь нь хүүхдүүд байдаг нь анзаарагддаг. Тиймээс хүүхдүүд бичлэгийг минь үзээд, баярлаж байвал л миний үр дүн гэж хардаг.

-Жүжиглэх ур чадвар яах аргагүй шаардагддаг шүү дээ. Гэхдээ энэ апп бол хүссэн, энгийн иргэн бүр ашиглах боломжтой болохоос заавал мэргэжлийн жүжигчин ашиглах ёстой, эсвэл тэдэнтэй ур чадвараараа өрсөлдөөд байх шаардлагагүй байх. Танд багын жүжиглэх авьяас байв уу?

-Үгүй шүү. Багын л урлагийн авьяасгүй, өөрийгөө сорьж үзье ч гэж бодож байгаагүй. Урлаг гэхээр караокед л орж дуулахаас цаашгүй, сонирхож ч байсангүй. Харин одоо манайхан “Өөр нэг авьяас нь хаа байсан 30 гарчихсан хойно нь нээгдчихлээ” гээд л шоолоод байдаг юм. Ер нь тодоорхой хэмжээнд жаахан ч болов авьяас шаардана. Анх их л ичдэг байлаа. Ганцаараа утсаа хараад л, утастайгаа яриад л, өрөөнөөсөө бүх гэрийнхнээ хөөж гаргаж байгаад л хийдэг байсан. Нэг үеэ бодвол одоо хүний дэргэд жижиг сажиг жүжиглээд л ахиц гараад л байгаа. Мэдээж мундаг хүмүүстэй, жүжигчидтэй харьцуулалт байхгүй. Бид сонирхогчдын түвшний хүмүүс, тэгээд ч таны хэлсэнчлэн хүссэн хүн бүхэн оролдож үзэх боломжтой апп учраас л хийгээд л, туршаад л явдаг юм.

-Та өдөрт Тик ток-д хэдэн цаг зарцуулж байна. Ингэхдээ сонголтоо хэрхэн хийдэг вэ?

-Арай ахисан түвшний Тик токчид, тухайлбал манай “Бумеранг”-ийнхан өөрсдөө бичлэгээ олдог. “Youtube”, “Facebook” эсвэл шинэ гарч буй тренд дуу, хүмүүсийн яриа, кино гэх мэтээс олж хийнэ. Үүнийг нь дагаад бүлэг болоод явчихдаг. Миний хувьд бусдын үүсгэсэн тик ток дээр, өөрөөр хэлбэл үзэж яваад өөрт таалагдсаныг олоод “энэ болох юм байна” гэж үзээд хийдэг. Өдөртөө ажлаасаа шалтгаалаад, заримдаа цайны цагаараа, заримдаа ажлаа тараад хийхдээ дунджаар хоёр цаг орчмыг зарцуулж байна. Гэхдээ фэйсбүүкд цаг зарцуулахаа больсон.

-Тик токчин болсноос хойш таны амьдралд ямар өөрчлөлт гарав аа? Таны фенүүд, таныг дагаж дуурайдаг, дуэт хийхийг гуйдаг, шалгаадаг олон хүүхэд байдаг юм билээ.

-Шал өөр, их сонин. Өөрөө ч төсөөлөөгүй өөрчлөлтүүд гарч ирсэн. Би бусад тик токчидыг бодвол хамаагүй хөгшинд тооцогдоно. Манай “Бумеранг”-ийнхны хамгийн ахмад нь 25 настай байх жишээтэй. Тэгсэн хэрнээ залуу хүүхдүүдтэй хамтраад уран бүтээл хийгээд явна, үүнээс гадна намайг үздэг голцуу өсвөр насныхан бий. Амьдралд их өөрчлөлт гарсан шүү. Арван жилийн сургуулийн хажуугаар зүгээр өнгөрнө гэж байхгүй. Хүүхдүүд “Соёлоо эгчээ” гээд л таньдаг. Зарим нь “Зургаа авахуулъя” гээд ирэхээр нь ичээд байдаг юм.

-ТИК ТОКЫГ ДАГАСАН КИНО, ШОУНД ОРОЛЦОХ САНАЛУУД ИРСЭН-

-Ажлын саналууд орж ирсэн үү?

-Бий. Саяхан “Реалити биш Реалити” гэж шоунд тоглооч гэсэн санал ирээд эхний таван ангид нь тоглосон. Одоогоор сүүлийн таван анги нь хүлээлттэй байгаа. Ер нь янз бүрийн санал их ирж байна. Тухайлбал, нэг кинонд зарцын дүр бүтээгээд өгөөч гэсэн санал ирсэн шүү. /инээв. сурв/ Үүнийг нь бодолцоод үзье гээд хэлчихсэн байгаа, зургадугаар сард юм билээ.

-Ийм төрлийн саналуудад та нааштай хандана гэсэн төлөвлөгөөтэй байгаа юу?

-“Бумеранг” залуусын нэгдлийг хэрэв та тик ток үздэг бол мэдэх байх. Бидэнд ажлын саналууд их ирдэг. Бид эдгээр саналуудыг 10 гаруй хүн нийлж, шэйр хийн гаргадаг. Үүнээсээ давж чадахгүй л болчихоод байна. Харин хувьд минь ирсэн саналуудын тухайд энэ жил гэр бүлдээ томоохон өөрчлөлт хийхээр зэхэж байгаа учраас хүлээж авах боломжгүй байх боловуу л гэж бодогдоод байгаа.

-Гэр бүл гэснээс таны гэр бүлийнхэн тик ток хийж байгааг нь хэрхэн хүлээж авч байна вэ?

-Эхлээд ерөөсөө ойлгохгүй, “Шал балай юм” гэнэ. Ядаж би чинь шал өөр салбарын хүн, жүжигчин байсан бол өөр байхсан. Энгийн нэг төрийн албан хаагч шүү дээ, би. Тэгэхээр л хүмүүс ойлгохгүй. Нөхөр маань тэр тусмаа ойлгоогүй, гэхдээ эсэргүүцээгүй, тоохгүй л орхичихдог байсан. Одоо харин их ойлгож, дэмждэг. “Хүүе энэ чинь ийм хандалттай байна, тэрийг тэгж хийвэл яасан юм” гээд л үзэгчээс гадна зөвлөгч болсон байна.

-Одоо та яг хэдэн дагагчтай вэ? Монголын хамгийн олон дагагчтай тик токчин хэн болохыг сонирхож байв уу?

-Хэлж мэдэхгүй юм байна. “Бумеранг”-аас хамгийн олон дагагчтай нь 80-н хэдэн мянган дагагчтай Улаанаа, мөн Отгоо, Сүхээ гээд залуус бий. Миний хувьд дундажаар л жагсаад байх шиг байна. 42 мянга орчим дагагчтай. Дагагч гэж хэлэх дургүй ээ, фолловерс ч гэж хэлэх дургүй. Харин 42 мянган үзэгч, дэмжигч гэж хэлмээр...  

-Би 42 мянган дагагчийн тань нэг шүү дээ.

-Тиймүү, дагадаг юм уу? Заримдаа санаа зовмоор юмнууд ч хийдэг шүү /инээв. сурв/

-ТИК ТОК БОЛ ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ЭЕРЭГ НӨЛӨӨЛӨЛ ҮЗҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН СУВАГ-

-XXI зуун, технологийн эрин үед хүмүүсийн амьдрал яах аргагүй өөрчлөгдөж, өөр амьдралын хэв маягтай болж байна. Facebook, Twitter, Youtube, Tik Tok гээд л шинэ хэв маягууд бий болсоор. Тик токын хувьд бүр ч шинэ зүйл. Монголд сүүлийн нэг жилийн хугацаанд илүүтэй хөгжиж, зарим хүмүүсийн амьдралын салшгүй хэсэг, ажил, бизнесийн нэг гарц, боломж нь болж байна. Оцойж овойтлоо их олохгүй ч та тик токоо бизнесийн боломж болгон ашиглаж байна уу?

-Таны хэлсэнчлэн сүүлийн нэг жил, ялангуяа өсвөр үеийнхний дунд асар хурдтай хөгжчихлөө. Үүнийг дагаад бизнес, худалдаа, үйлчилгээний байгууллагууд сонирхох болсон нь анзаарагддаг, захиалгууд ч орж ирдэг. Би ч нэг хэсэг нь мөн. Тухайлбал, өсвөр үеийнхэнд нөлөөллийн ажлуудыг хүргэж болох юм гэдгийг байгууллагууд олж харсан. Гэхдээ би тик токоос нэг зүйл ажигладаг. Монголын нийгэм хар бараан мэдээлэл ихтэй, жаахан онцгүй байгаа. Фэйсбүүк орж үзэхээс залхмаар хэцүү мэдээнүүд, түүнийг арай л жаахан буруу юманд ашиглаад байна уу даа гэж хардаг. Гэтэл тик ток бол эсрэгээрээ, эерэг зүйлийг хүүхдүүдэд ойлгуулах, мэдрүүлэх зорилготой мэдээллийн суваг. Тиймээс цаашид ч энэ байдлаа хадгалж, хараал ерөөл, муу муухай зүйл хүрэхгүй байгаасай гэж хүсдэг.

-Тийм байна, зөвхөн бизнес талаас биш нөлөөллийн талаас нь ашиглах. Хамгийн сүүлд Ногоон зүрх, Зөв тусгал гэх мэт нөлөөллийн, сурталчилгааны ажлууд та бүхэн хийсэн харагдсан.

-Тийм. Үүнийг байгууллагууд энэ мэтээр олоод харчихсан. Хүүхдүүдэд эерэгээр нөлөөлөх боломжтой газар бол тик ток. Тик ток дотор заримдаа хачин хачин бичлэг ганц нэг орчихсон яваа нь надад их эмзэг тусдаг. “Хүүхдүүд үзэж байгаа шүү” гэдгийг үргэлж бодож явах ёстой. Тиймээс бидний насныхан тик ток оруулахдаа “Үүнийг таны дүү, таны хүүхэд үзэж байгаа шүү” гэж хандан, яаж нөлөөлөх вэ гэдгээ бодолцож байгаасай гэж уриалмаар байдаг юм. Зарим томчууд шүү.

-Тик ток дээрээс таныг их өхөөрдөм, нээлттэй, хөгжилтэй гэж үзэгчид тань дүгнэдэг. Бодит амьдрал дээр харин Соёлоо ямар хүн бэ?

-Миний хамт олон, миний гэр бүл намайг дүгнэх байх. Гэхдээ би өөрийгөө их нээлттэй хүн гэж хэлнэ. Миний ажил маань олон нийттэй харилцдаг мэргэжилтэн учраас тэр байх. Би хүүхдийн байгууллагад ч таван жил ажилласан. Аргагүй ажил минь гадагшаа хүрээгээ тэлсэн байдаг учраас тэр. Харин хөгжилтэй юу, үгүй юу гэдгийг бусад маань л дүгнэх бахйдаа /инээв. сурв/

-НЭГ БИЧЛЭГТ УЙЛСАН БОЛЖ ЖҮЖИГЛЭХ ГЭЖ
ҮХЭХ ШАХСАН ТОХИОЛ БИЙ-

-Бумеранг нэгдлийн талаар танилцуулна уу? Ямар зарчимтай, ямар зорилготой залуус юу хийхээр нэгдсэн нь энэ вэ?

-Өмнө хэлсэнчлэн нийгэмд эерэгээр үлгэр дуурайлал болъё гэж шийдсэн 11 залуу бий. Намайг орохоос өмнө 15 хүн байсан. Би Валентиний өдрөөр орж байсан. Манай хамгийн залуу нь 17 настай, намайг оруулбал, хамгийн ахмад нь 35 настай. Нас насны төлөөлөл болсон залуус нэгдэн бүлэг болж, цаашид илүү хөгжөөд явах байх. Анх бид тус тусдаа ингэж явахаар нийлж уран бүтээл хийе, түүгээрээ хүүхдүүдэд сайн сайхан үлгэр дуурайлал үзүүлье гэсэн. Бид тус бүр ажилтай, хичээлтэй, гэхдээ уран бүтээлдээ нэгддэг.

-Бичлэгээ хийж байх үед бүтэлгүйтэх, санаснаар болохгүй байх гэх мэт хөгжилтэй зүйлс их тохиолох уу?

-Бүтэлгүйтэх юу байхав, үхэх шахсан нэг тохиолдол бий шүү. Нэг удаа уйлах гэж оролдоод ийм зүйл болсон, одоо харин үнэнээсээ уйлахыг хичээд болоод байгаа. Анх уйлах шаардлагатай нэг бичлэг гарч ирэхээр нь гаа түрхэж байгаад уйлахаар болов оо. Тэгтэл нүд рүүгээ жаахан гүнзгий оруулчихаж. Осоржамааг дуурайж бичлэг хийж байгаа юм. Тэр өдөр уйлаад л болчихлоо, угаагаад л унтчихлаа. Гэтэл маргааш өглөө нь босоод иртэл нүд битүү хавдчихсан. Нүдэнд хор ороод, харшил гарчихсан. Маргааш нь ажилдаа худлаа хэлж чөлөө авлаа. Ямар “Бичлэг хийгээд ингэчихлээ” гэлтэй биш. Ингээд хоёр өдөр нүдний шил зүүж явсан даа. Одоо би хүүхдүүдэд хэлдэг юм “Аль болох биед хортой зүйл хэрэглэж болохгүй шүү” гэж. Энэ мэт хөгжилтэй юм их тохиолдоно оо.

Хүүхдүүд “Тик ток яаж амжилттай хийх вэ, яаж олон зүрх авах вэ, 1000 бичлэг оруулчихаад байхад л од болохгүй юм” гээд л олон юм асуугаад байдаг юм. Тэдэндээ хандаж хэлэхэд “Од болох гэж биш, 1000 бичлэг хийлээ ч чанаргүй бол хүсээд байгаадаа хүрч чадахгүй. Чи нэгдүгээрт гэрэлдээ анхаараарай, орчиндоо анхаараарай. Хоёрдугаарт жүжиглэх чадвараа жаахан сайжруулаад, амаа яг олоод барьчихвал чи тэгээд л од шүү дээ” гэж хэлж бйасан юм. Түүн шиг л жаахан сэтгэл гаргахад л болно. Би нэг бичлэгийг хэзээ ч нэг удаагийн оролдлогоор хийж байсангүй. 7-8 оролдоно. Хувцас хунараа солихоос эхлээд жаахан хүч хөдөлмөр зарцуулдаг. Бас бичлэгээ зөв сонгоорой гэж зөвлөе.

-Орчин үед Монголчуудын дунд “мода” болоод байгаа энэ апп-ын тухай, өөрийн тухай түүхээ хуваалцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Сошиал орчин маш том цар хүрээтэй. Үүнийг хүүхдүүд, томчууд бүгд зөв ашиглаасай. Бид эерэг байж чадвал эргэн тойрон маань ч өөрчлөгдөнө. Өөрсдийн эргэн тойрныг өөрчилж байж бусдынхыг өөрчилнө. Тиймээс өөрөөсөө эхлээрэй гэж бүгдэд нь уриалъя.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ

СОНИРХУУЛАХАД:

 




Өнөөдөр бар өдөр

8 минутын өмнө