Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх хурал маргааш болно

Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх хурал маргааш болно

Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ. Энэ талаар түүний хүү Б.Чулуудай “2022 Оны дөрөвдүгээр сарын 4 өдрийн 10:30 цагт аавын минь давах шатны шүүх хурал болно. Уг хурал нээлттэй болох ёстой. Биднийг биеэр ороцуулах ёстой” гэжээ.

2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүл нарын долоон хүнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрээ гаргасан.

Шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жил хорих, түүний хүү Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгох, ТОСК-ын захирал асан А.Гантулгад таван жил хорих ял тус тус оноосон.

Хэргийг тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм.

Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийн байгууллага үзсэн.