Иргэн Г.Ган-Очир: Ж.Ганбаатар гишүүн болохын тулд МАН-д 2 тэрбум төгрөгийн авлига өгсөн гэх баримтыг АТГ-д өгч байна

Иргэн Г.Ган-Очир: Ж.Ганбаатар гишүүн болохын тулд МАН-д 2 тэрбум төгрөгийн авлига өгсөн гэх баримтыг АТГ-д өгч байна

Өнөөдөр /2022.04.20/ Иргэн Г.Ган-Очир УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан эсэхийг АТГ-т шалгуулахаар нотлох баримтыг өглөө.

Энэ талаар тэрбээр, “Надад Ж.Ганбаатар гишүүн УИХ-ын гишүүн болохын тулд МАН-д 2 тэрбум төгрөгийн авлига өгсөн гэх нотлох баримт байна. Уг нотлох баримтад гишүүн 2024 онд бүр их мөнгө төлөөд тойрогтоо дахиад гарч ирнэ гэж буюу хууль бусаар ялалт байгуулна гэдгээ маш тодорхой хэлсэн. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарийн ч бичлэг мөн адил байна. Би энэ хууль бус нотлох баримтын талаар 2020 оноос хойш хуулийн байгууллагад хандсан ч эсрэгээрээ намайг шалгаж эхэлсэн. Тухайн үед хэргийн хохирогч байхгүй гэх шалтгаанаар хэргийг хаасан. Хэргийн хохирогч бол Монголын ард түмэн шүү  дээ. Ж.Ганбаатар гишүүн цагдаагийн дээд албан тушаалтнуудаар дарамтлуулж нийслэлийн 9 дүүргээс намайг дуудуулж хэрэг тохсон дараа нь бүр Эрдэнэтээс дуудуулж хэрэг тохсон гэх мэт хууль бус ажлууд явсаар байна” гэв.