Д.Ганбатыг Ерөнхийлөгчид “сойх” “Ардчилсан сэргэлт холбоо”-ныхон чуулганд суухыг уриалснаар АН-ын бүлэг хуралдаандаа оролцжээ

Д.Ганбатыг Ерөнхийлөгчид “сойх” “Ардчилсан сэргэлт холбоо”-ныхон чуулганд суухыг уриалснаар АН-ын бүлэг хуралдаандаа оролцжээ

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлснээс хойш буюу есдүгээр сарын 15-наас хойш чуулган өчигдөр л анхны хуралдаанаа хийлээ. Өнгөрсөн долоо хоногоос ХЗДХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох асуудлыг хэлэлцэх товтой байсан чуулганы нэгдсэн хуралдаан ирц хүрэхгүй, удаа дараа хойшилсон.

Тэгвэл өчигдөр АН-ын бүлгийн гишүүд болон МАН-ын “30”-ын бүлгийн гишүүд чуулганд оролцож, ирц бүрдсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо. Улмаар ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилж, батламжиллаа.

"АН-ЫН БҮЛГЭЭС ТАВЬСАН ХЗДХ-ИЙН САЙДЫГ ОГЦРУУЛАХ, ШИНЭЭР ТОМИЛОХ ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛЖ БАЙГАА ТУЛ ЧУУЛГАНД ОРНО"

Харин чуулганы нэгдсэн хуралдаанд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын гишүүд оролцсон нь анхаарал татсан. Цаашилбал, Н.Учралыг “Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх” асуудлыг УИХ-д яаралтай оруулж ирэхгүй бол “Засгийн газрыг огцруулах” бичиг өргөн барина хэмээн мэдэгдэж байсан Ардчилсан намын бүлэг ч чуулганд орсон нь улс төрийн хүрээнд анхаарахгүй өнгөрөх сэдэв биш.

Учир нь өчигдөр буюу 2026 оны есдүгээр сарын 22-ны 14.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх товтой байсан бөгөөд үүний өмнө АН-ын бүлгийн гишүүд намын дарга О.Цогтгэрэлийн өрөөнд ээлжит бусаар хуралдсан. Улмаар бүлгийн дарга хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж, УИХ дахь Ардчилсан намын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоно гэдгээ илэрхийлсэн.

Тэрбээр “Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хоёр шаардлага тавьсан. Нэгдүгээрт, хүний эрхийг зөрчсөн байж болох, ял наймаалцсан байж магадгүй ХЗДХ-ийн сайдаа чөлөөлөх шаардлага тавьсан. Хоёрдугаарт, бодлогын алдаа гаргаж байгаа Ерөнхий сайд УИХ өөртөө итгэл хүлээлгэх асуудлаа оруулж ир гэсэн. Ардчилсан намын бүлгээс тавьсан ХЗДХ-ийн сайдыг огцруулах, шинээр томилох шаардлагыг биелүүлж байгаа тул ирц бүрдүүлж оролцъё гэсэн шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгдсэн юм.

ВИДЕО: 

"АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН 17 ГИШҮҮН ЧУУЛГАНД ОРОЛЦЖЭЭ"

Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 75 гишүүн ирцээ бүртгүүлж, ирц 59.5 хувьд хүрснээр чуулган эхэлсэн. Ирцийн мэдээнээс харвал, Ардчилсан намын бүлгийн 17 гишүүн чуулганд оролцсон байна. Хамгийн анхаарал татах асуулт бол Ардчилсан намын бүлэг яагаад чуулганд гэнэт оролцох шийдвэр гаргасан бэ, Н.Учралтай ямар нэгэн тохироо хийсэн үү гэх асуудал. Тэгвэл тус ээлжит бус хуралдааны уур амьсгал болон хэлэлцсэн асуудал өөр байжээ.

Тодруулбал, тус ээлжит бус хуралдаанаар чуулганд хэрхэх вэ гэх ганц асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар О.Амгаланбаатар, А.Ганбаатар тэргүүтэй гишүүд чуулгандаа оролцох шаардлагатай гэх байр суурийг бүлгийн гишүүддээ гаргажээ. Үүний дараа бүлгийн дарга О.Цогтгэрэл бусад гишүүдтэй онлайнаар хуралдаж, олонх нь оролцохыг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох шийдвэр гаргасан байна.

Гэхдээ нэг зүйлийг анхаарах шаардлагатай. Өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд Ардчилсан намын бүлгийн гишүүд оролцохгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн ч ганцхан УИХ-ын гишүүн Д.Ганбат суусан. Харин өчигдөр тэрбээр өөрийн хүрээллийн дөрвөн гишүүнээр хүч нэмснээр таван гишүүн чуулганд суусан. Тодруулбал, энэ даваа гарагийн чуулганд Р.Эрдэнэбүрэн, Д.Ганбат, Р.Сэддорж, Д.Энхтуяа, А.Ганбаатар нар суусан юм. Өөрөөр хэлбэл, ХЗДХ-ийн сайдыг томилох чуулганд суух саналыг намын гишүүддээ гаргасан гишүүд нь Ардчилсан нам доторх “Ардчилсан сэргэлт холбоо” фракцынхан гэсэн үг.

“АРДЧИЛСАН СЭРГЭЛТ ХОЛБОО Д.ГАНБАТЫГ НАМ ДОТРОО ЕРӨНХИЙЛӨГЧИД “СОЙХ”-ОО МЭДЭГДСЭН"

Тус фракц өнгөрсөн хавар шинээр бүрэлдсэн бөгөөд Б.Түвшин, О.Амгаланбаатар, Х.Болормаа, П.Батчимэг, Ц.Баатархүү, Д.Жаргалсайхан, А.Ганбаатар, Д.Энхтуяа, Д.Ганбат, Дав.Цогтбаатар, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Р.Эрдэнэбүрэн нарын гишүүд бий. Улмаар тэд дотроосоо ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэр дэвшүүлэх болсноо зарласан.

"ҮБХ-НЫ 378 ГИШҮҮН НАМААСАА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭ ШИЙДНЭ"

Товчхондоо, өчигдөр буюу 2026 оны есдүгээр сарын 22-нд Ардчилсан намынхан чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон нь ямар нэг тохироо биш. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө “сойх”-оор бэлтгэж буй Д.Ганбатын санаачилга аж.

УИХ-ын гишүүн Д.Ганбатын хувьд 2012 онд УИХ-ын гишүүн болсон бөгөөд өдгөө гурав дахь удаагаа сонгогдож буй улстөрч. Гэхдээ тэрбээр 2008 оноос хойш нийт таван удаа УИХ-д нэр дэвшиж, гурван удаа л ялалт байгуулсан юм. Цаашилбал, хатуухан хэлэхэд “дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй” гэдэг шиг түүний хувьд намын дарга, нам доторх Ерөнхийлөгчийн сунгаанд ч нэрээ өгсөөр ирсэн нэгэн. Тодруулбал, 2021 онд нам дотроо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ илэрхийлж байсан бол тус ондоо Ардчилсан намын даргын сунгаанд ч нэрээ өгч байсан юм.

Гэхдээ гагцхүү үнэн бол, сөрөг хүчин болох Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшүүлэх хүнээ Үндэсний бодлогын хороогоороо хэлэлцэж, батламжилна. Харин Үндэсний бодлогын хорооны 378 гишүүн түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор сойно гэдэг юу л бол.




Өнөөдөр хулгана өдөр

52 минутын өмнө