Д.Эрдэнэбилэг:  Дархан, Хөтөлийн цементийн үйлдвэр дээр дундын хувилбар гарах байх гэж найдаж байна

Д.Эрдэнэбилэг: Дархан, Хөтөлийн цементийн үйлдвэр дээр дундын хувилбар гарах байх гэж найдаж байна

Монгол Улсын Засгийн газраас Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалж, төрд аваад байгаа билээ.

Харин тус үйлдвэрүүдийн хувьцаа эзэмшигч Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг өчигдөр “Улаан бал” нэвтрүүлэгт оролцож, байр сууриа илэрхийлэв.

ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ, ШОХОЙН ҮЙЛДВЭРИЙГ 1.3 ТЭРБУМААР БУС 41 ТЭРБУМААР ХУВЬЧЛАГДСАН

Тэрбээр энэ талаар "Төсөл амжилттай явах эсэх нь олон зүйлээс шалтгаалдаг. Нэгэнт гарсан шийдвэрийг буцааж болохгүй. Манай санхүүжүүлсэн олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Тухайлбал, Ухаа худгийн нүүрсний үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн төсөлд асуудал байсан гэж бодохгүй байна. Төсөл цаг үеэ олсон маш сайн төсөл байсан. Монгол Улс бүх цементээ гаднаас авдаг байсан бол энэ төсөл хэрэгжиж эхэлснээрээ дотоодынхоо хэрэгцээг хангаж эхэлсэн.

Энэ үйлдвэрийг 1.3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан гэж байгаа. Гэтэл яг бодит байдал дээрээ 41 тэрбум төгрөгөөр авсан байдаг. Тодруулбал, тус үйлдвэр нь 39 тэрбум төгрөгийн өр, зээлтэй байсан. Харин үлдсэн мөнгийг нь бэлнээр өгч, хувьчлагдсан байдаг юм билээ. Хүнд үйлдвэрийн төсөл хэрэгжиж, үр өгөөжөө өгөх гэж уддаг. Үйлдвэрлэл хөгжүүлэхийг хүсдэг хүмүүс л үйлдвэрлэлд хөрөнгө оруулж, нойргүй хонож чаддаг. Худалдаа наймааг аж үйлдвэртэй адилтгаж болохгүй. Хөгжлийн банкны зээлийн нөхцөл уян хатан байгаагүй. Бид олон эх үүсвэрээс хөрөнгө босгож, эл төслөө амжилтад хүргэсэн. Төсөл үр өгөөжтэй ашигтай байсан. Гэхдээ давтагдашгүй хүчин зүйл байсан учраас зээлээ төлж чадаагүй. Харин төр шууд хурааж авсан нь лавтай зөв зүйл биш. Шалтгаан байгаа болоод л зээлээ төлөөгүй байгаа. Харин үүний шалтгааныг олоогүй, шууд хурааж авч байгаа нь зохисгүй. Хөгжлийн зээлийг Хөгжлийн банкнаас авахгүй бол өөр хаанаас авах ёстой гэж. Аж үйлдвэрлэлээ дэмжиж байж улс эх орон хөгжинө. Арилжааны зээлээр хөгжлийн зээлийг олгох нь буруу байсан. Хууль шүүхтэй орон байна, дундын хувилбар гарах байх гэж бодож байна" гэлээ. 

ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСНА

Харин тэрбээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн талаар "Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн санхүүгийн баталгааг нь Худалдаа хөгжлийн банк гаргахаар гэрээ байгуулсан байдаг. Хөтөлийн шинэ үйлдвэрийг хуучных нь хажуугийн хогийн цэг дээр шинээр барьсан шиг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ч улаан талаас эхэлсэн. Үндэсний компаниуд сайн ажилладаг. Би үүнд итгэдэг. Харин төрийн дэмжлэг л хэрэгтэй. Төсөл сүүлийн шатан дээрээ явж байгаа. Хайлуулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр 2-3 жил саатаад байна. Бүх зүйлийг импортоор авахгүйгээр цогцоор нь шийдэхээр л ажиллаж байгаа юм. Энэ бол маш сайн, цаг үеэ олсон, амжилттай хэрэгжиж дуусах төсөл гэж дүгнэж байгаа. Төр нэг шийдвэр гаргачхаад түүнийгээ тодорхой хугацааны дараа цуцлаад байдаг нь сонин юм. Гэхдээ нэг шийдэлд хүрэх байх гэж найдаж байна" гэлээ. 




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө