Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс сураггүй болсон.

Гурван иргэнийг “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газар дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсанаар эрэн хайх ажиллагаа эхэлсэн. 

Тавдугаар сарын 03-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн С/47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг Сэлэнгэ сумын Ингэт багийн Ингэтийн гүүр гэдэг газраас зүүн зүгт Хангал сумын Хялганат тосгоны “Хялганатын гүүр” гэдэг газар хүртэл 60 км-т  завиар урсаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон.

Эрэн хайх ажиллагаа өнөөдөр /2022.05.04/ -ний өдрийн 08:00 цагт эхэлүүлсэн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.