АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгт эхэллээ

АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгт эхэллээ

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын  /АПЕК/ гишүүн орнуудын Сангийн сайд нарын уулзалт Хонконгт эхэлжээ. Хоёр өдөр үргэлжлэх уг уулзалтаар ирэх сард Хятадын Шэньжэнь хотод болох АПЕК-ийн гишүүн орнуудын удирдагчдын 33 дахь удаагийн уулзалтын өмнө санхүүгийн салбарын хамтын ажиллагааг хэлэлцэнэ.

Уулзалтыг даргалж буй БНХАУ-ын Сангийн сайд Лань Фоань хурлыг нээж үг хэлэхдээ, дэлхий дахины тодорхойгүй байдал, геополитикийн сөргөлдөөний сөрөг нөлөө үргэлжилж буй энэ үед Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд хамтран ажиллаж, бүс нутгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахыг уриалжээ. Үүний тулд макро эдийн засгийн бодлогын асуудлаарх яриа хэлэлцээг эрчимжүүлж, эдийн засгийн тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлт шинэчлэлийг түргэтгэхийн зэрэгцээ үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангах шаардлагатайг тэрбээр онцолсон байна.

АПЕК-ийн гишүүн орнуудын өндөр түвшний албан тушаалтнуудыг энэ онд даргалж буй Чэнь Сю хэлэхдээ, Сангийн сайд нарын энэ удаагийн уулзалт нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийг түргэтгэхэд чиглэсэн төсвийн бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэжээ. Уулзалтын үеэр АПЕК-ийн гишүүн орнуудын төлөөлөгчид иргэдийн амьжиргааг дэмжих төсвийн бодлого, цахим дэд бүтцийн санхүүжилт, орон нутгийн онцлогт тохирсон хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг өргөжүүлэх, залуу санхүүгийн мэргэжилтнүүдийн солилцоо, хамтын ажиллагааг дэмжих зэрэг гол асуудлаар санал солилцоно. Мөн хэлэлцсэн асуудлуудаар нэгдсэн байр суурьт хүрч, уулзалтын үр дүнг тусгасан баримт бичгүүдийг боловсруулна.