Төрийн албаны 512 албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрөл олголоо

Төрийн албаны 512 албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрөл олголоо

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэн батлагдаж, 2022 оноос мөрдөж эхэлсэн. 

Дээрх хуулийн өөрчлөлттэй холбогдуулан  аймаг, нийслэлийн  Засаг даргын Тамгын газар, харьяа агентлагуудын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтад зохих өөрчлөлт орж, төрийн захиргааны зарим албан тушаалын тодорхойлолтуудаа шинэчлэх, өөрчлөлт оруулах  шаардлага үүсээд буй. 

Энэхүү ажлын хүрээнд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны тав дугаар сарын 11-ний өдрийн 24 дүгээр ээлжит хуралдаанаар  нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 10 агентлаг,  15 аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолтыг хянан хэлэлцэж,  төрийн захиргааны 850 албан тушаалд хамаарах 512 албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрөл олгов.

Үүний дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон хэлтсийн дарга нарын 7 албан тушаалд хамаарах 147 албан тушаалын тодорхойлолтыг нийтлэг байдлаар гаргалаа. Дээрх албан тушаалын тодорхойлолтуудад Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/160 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан мэргэжлийн индексийг мөрдөв.

Мөн Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр байгууллаа.

Эх сурвалж: Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл