СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолоочоос болж дөрвөн машин мөргөлдөж, хоёр хүүхэд гэмтжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолоочоос болж дөрвөн машин мөргөлдөж, хоёр хүүхэд гэмтжээ

Баянзүрх дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан захын урд замд өчигдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн орчим Toyota Corolla Fielder маркийн автомашины жолооч Г, Toyota Premio маркийн авто машины жолооч Б, Toyota Prius маркийн автомашины жолооч Ц, Nissan Note маркийн автомашины жолооч О нар холбогдсон 4 автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.

Ослын улмаас жолооч, зорчигч 3 хүн гэмтсэн бөгөөд Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэгийг хийж, шалгалтын үйл ажиллагааг тус албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж байна. Гэмтсэн 3 хүний хоёр нь 3 болон 5 насны хүүхдүүд байсан бөгөөд осолд холбогдогч жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба согтолтын зэргийг шалгахад 1.94 хувь согтолттой байсан байна.

Хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр замын хөдөлгөөндөө оролцоно уу. Бусдын буруутай үйлдлээс үүдэлтэйгээр хүний амь нас, эрүүл мэнд хохирох ёсгүй бөгөөд ялангуяа ирээдүй болсон хүүхдүүд маань хохирогч болж байгааг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.