Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахын тулд нийслэлд Дүүжин тээвэр байгуулна гэж нэг хэсэг шуугисан ч эл асуудал өдгөө замхрах шатандаа ороод буй.
ВИДЕО:
-“АЗИЙН ДЭД БҮТЦИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН” 300 САЯАР ДҮҮЖИН ТЭЭВРИЙН НАРИЙВЧИЛСАН ТЭЗҮ-Г БОЛОВСРУУЛЖЭЭ-
Тиймээс ч энэ оны өмнөхөн “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг татан буулгасан. Гэтэл цааш үргэлжлэх эсэх нь тодорхойгүй Дүүжин тээвэрт дахин 320 сая төгрөг зарцуулжээ.
Тодруулбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 2021 оны аравнхоёрдугаар сарын 22-ны өдөр Дүүжин тээврийн нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулах төслийн тендер зарласан байна. Тус тендерт “Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэн” шалгарч, 300 сая төгрөгөөр дээрх төслийн ТЭЗҮ-ийг, 20 сая төгрөгөөр “Дүүжин тээвэр төслийн Баянхошуу Ханын материал Гэмтлийн эмнэлэг чиглэлийн зорчигчийн нягтрал, ашиг, алдагдлын тооцоо судалгаа”-г боловсруулсан байна. Уг мөнгийг тавдугаар сард шилжүүлсэн баримт Шилэн дансанд саяхан бүртгэгджээ. /Шилэн дансны мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу/
-"НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВЭРТ ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙГ НЭВТРҮҮЛЭХ ТӨСӨЛ"-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ХУУЛЬ ХҮРТЭЛ БАТАЛЖ БАЙЖЭЭ-
Нийслэлийн нийтийн тээвэрт "үл тохирох" гэх Дүүжин тээврийг чухам ямар шалтгаанаар ийнхүү бариулахаар зүтгүүлээд байна гэдгийг сурвалжиллаа.
Тодруулбал, Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий “Zaisan Hill” цогцолборыг эзэмшдэг “Оюуны Ундраа” групп “Зайсан толгойгоос хотын төв хүрдэг” жуулчдад зориулсан дүүжин тээвэртэй болно гэж “UB-360” төслийг анх танилцуулсан байдаг. Үүнээс хэдэн жилийн дараа С.Амарсайхан Улаанбаатар хотын захирагч болж, улмаар уг төслийг нийслэлд "шахсан" гэлцдэг. Учир нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Cable car” буюу “Дүүжин тээвэр” төслийг анх санаачилж, Францын “ПОМА” компани хэрэгжүүлэхээр болж байсан юм.
Тэгвэл "Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлэхийн тулд ХУУЛЬ хүртэл баталж байжээ.
Тодотговол, 2020 оны тавдугаар сарын 14-ний Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан "Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл"-ийн Санхүүгийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлах тухай хуулийг баталжээ. /Хуулийг ЭНД ДАРЖ уншина уу/.
Нийт 60.7 сая евро буюу 180 орчим тэрбум төгрөгөөр хэрэгжинэ хэмээж байсан уг төслийг Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл буюу жилийн 0.07 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатайгаар санхүүжүүлэхээр тохиролцсон байдаг. Улмаар энэ хүрээнд дээрх хууль батлагдсан байна. Үүнээс гадна дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаанд ажиллах 12 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2021 оны ажлын байрын төлбөрөөс чөлөөлөх Засгийн газрын тогтоол хүртэл батлагдаж байсан. Гэвч эл төсөл нэг ч алхам урагшлаагүй. Өөрөөр хэлбэл, ямар ч тооцоо судалгаагүй, ТЭЗҮ-ийг нь боловсруулаагүй дүүжин тээврийг нэвтрүүлэхийн тулд хууль хүртэл баталж байсан байна. Хэмнэлтийн горимд шилжинэ гэж буй энэ үед цааш хэрэгжих эсэх нь эргэлзээтэй, магадгүй хэн нэгний лоббины төсөлд энэ мэт хөрөнгө зарцуулсаар байх уу гэдэгт холбогдох албаныхан анхаарал хандуулах шаардлагатай байна. Нөгөөтээгүүр энэ бүхэн нь цөөн гишүүнтэй парламентад ЛОББИ хэрхэн явагддаг гэдгийг тод жишээ болж байгаа юм.