ВИДЕО: "Цагаан дэл-Уул" боомтыг нээхийг эсэргүүцсэн малчид, ЗГ-ын шийдвэрийг биелүүлэх гэсэн төрийн албан хаагчдыг хөөж, чулуу шиджээ

ВИДЕО: "Цагаан дэл-Уул" боомтыг нээхийг эсэргүүцсэн малчид, ЗГ-ын шийдвэрийг биелүүлэх гэсэн төрийн албан хаагчдыг хөөж, чулуу шиджээ

Засгийн газрын тавдугаар сарын 11-ны өдрийн /2022.05.11/ хуралдаанаар Өмнөговь аймаг дахь Хүрмэн сумын Цагаандэл-Уул боомтыг шинээр нээх, авто замын бүтээн байгуулалтын нөлөөллийн бүсэд хамаарч буй орон нутгийн иргэдэд хөгжлийн төслийн бүтээн байгуулалт, ач холбогдлын талаар таниулах, нөхөн олговрын асуудлыг автом замын төслийн концесс эзэмшигч аж ахуйн нэгжтэй хамтран тохиролцож, шийдвэрлэхийг Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгасан.

Уг боомтыг шинээр нээхтэй холбоотойгоор Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс "Цагаандэл-Уул" хилийн боомт хүртэлх 270 км авто замын төслийн "Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх" төрлийн концессын гэрээг "Ундрах говь" ХХК-тай байгуулсан байдаг. Энэ дагуу зам барих, боомт орчмын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болсон ч нутгийн малчид эсэргүүцэж, өнөөдрийг хүртэл ажил гацаанд ороод байна. БНХАУ-ын талаас "Цагаандэл-Уул" боомтын цаана бүтээн байгуулалтаа аль хэдийн хийж манайхыг хүлээж байгаа гэх. 

ВИДЕО: 

Малчид боомт нээхийг эсэргүүцэж буй шалтгаанаа хэлэхдээӨмнөговь аймгийн бүс нутаг орчим нь бүхэлдээ уул, уурхайн нөлөөнд автаж байгаль орчин ихээр сүйдсэн. Нутгийн малчдад малаа бэлчээрлүүлэх бэлчээр үлдээгүй. Ганц уул, уурхайн нөлөөнд ороогүй онгон байгалиараа үлдсэн нь Цагаандэл-Уул орчим. Бэлчээрээ хадгалж үлдэхийн тулд шинээр боомт нээхийг эсэргүүцнэ. Засгийн газрын шийдвэрээ цуцалтал тэмцлээ өрнүүлнэ.  Мөн 33 төрлийн хөхтөн амьтан, 88 ургамал устана” гэдэг.

- Х.НЯМБААТАР САЙД МАЛЧДЫН БУХИМДЛААС БОЛЖ БООМТ НЭЭХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРЭЭ БҮРЭН ТАНИЛЦУУЛЖ ЧАДАХГҮЙ БУЦСАН БАЙДАГ-

Тэд тэмцлээ Улаанбаатарт хүртэл ирж өрнүүлсэн байдаг. Энэ мэт иргэд, малчид болон Засгийн газрын дунд маргаан үүссэн учраас Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнгөрсөн сард /2022.04/ Өмнөговь аймагт нисдэг тэргээр очиж малчид, орон нутгийн иргэдтэй уулзсан. Түүний зорилго иргэдийн бухимдлыг намжаах, ятгах, зөвшилцөлд хүрэх байв.

Мөн Цагаандэл-Уул боомтыг нээх Засгийн газрын шийдвэр гарсныг албан ёсоор танилцуулах зорилготой очсон гэдэг. Гэтэл уулзалт маш их хэрүүл, бухимдал дунд  болж малчдын зүгээс "Засгийн газрын шийдвэртэй танилцах шаардлагагүй, хүлээн авахгүй" гэж Х.Нямбаатар сайдад хэлээд буцаасан гэх мэдээлэл бий. 

Тиймээс Хууль зүйн сайд Х.Нямбаатарын хувьд Засгийн газраас шийдвэрээ хэрэгжүүлж боомтоо нээнэ гэдгээ тулгах бус “Та бүхний саналыг Засгийн газари уламжилна” гэж хэлээд ирсэн гэх нь бий.

ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭМДЭГЛЭЛ: Орон нутгийн төрийн байгууллагад өгсөн үүрэг

Үүнээс нэг сарын дараа буюу өнөөдөр Засгийн газраас малчидтайгаа зөвшилцөж дуусаагүй байж орон нутгийн төрийн албан хаагчдыг урдаа барьж тэдэнд газар чөлөөлүүлэх үүргийг өгчээ.  

Гэтэл нутгийн иргэд Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхээр очсон орон нутгийн төрийн албан хаагчидтай маргалдан үүнээс үүдэн бэртэж, гэмтэх эрсдэл тулгарсан байна. Тодруулбал, нутгийн иргэд Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхээр ажиллаж буй албан хаагчид руу чулуу шидэх, цохих, хөөх, хэл амаар доромжлох зэрэг үйлдэл гаргасан байгаа юм. Тиймээс боомт нээхтэй холбоотойгоор хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд зогсчээ.

ДҮГНЭЛТ: Ийнхүү нутгийн төрийн албан хаагчид иргэдийн дунд зөрчил үүсч хүнд байдалд орж буй учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө эсвэл бусад сайд нараа  явуулж уг асуудлыг шийдэхгүй бол нөхцөл байдал илүү хурцдах шинжтэй байгааг тус нутагт ажиллаж буй төрийн албаныхан хэллээ.