“Арашан” үүлдрийн хонь нэг сая долларын үнэд хүрчээ

“Арашан” үүлдрийн хонь нэг сая долларын үнэд хүрчээ

Киргизийн нийгмийн сүлжээнүүдэд мэдээлснээр, “Арашан” үүлдрийн хонийг нэг сая доллароор зарсан байна. Киргизийн Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр, үүлдэр угсааг сайжруулах сэдэвтэй фестивалийн үеэр болсон дуудлага худалдаанд Киргиз, ОХУ, Казахстан, Узбекистан, Тажикистаны фермийн аж ахуй эрхлэгчид оролцжээ.

Нэг сая долларын үнэд хүрсэн “Арашан” үүлдрийн хонь нь алдарт Франкелийн хонины үр төл бөгөөд түүнийг 2023 онд Казахстанд 150 мянган доллароор зарсан байна. Франкелийн хонийг Киргизийн Талас мужийн өндөр уулсын бүсэд өсгөн үржүүлдэг ажээ. Харин “Арашан” үүлдрийг мах-өөхний чиглэлээр гиссарын ба киргизийн бүдүүн ноост хонинуудыг эрлийзжүүлэн гаргаж авсан бөгөөд 2021 онд Киргизэд албан ёсоор бүртгэн авчээ. Энэ үүлдрийн хонь нь маш том биетэй, жин ихтэй, хурдан өсөж торнидог төдийгүй өндөр уулын болон тал хөндийн хатуу ширүүн нөхцөлд дасан зохицох чадвар өндөртэй, мөн хашаанд тэжээхэд тохиромжтой байдаг.  Энэ оны гуравдугаар сард Киргизийн Хөдөө аж ахуйн яамнаас “Арашан” үүлдрийн хонийг дуудлага худалдаагаар болон биржээр борлуулах журмыг боловсруулжээ.