“Чингис хаан” нисэх буудлыг 995 сая ам.долларын зээлээр  өргөтгөж, “Буянт-Ухаа”-г орон нутгийн нислэгт ашиглах асуудлыг Японтой хэлэлцэнэ

“Чингис хаан” нисэх буудлыг 995 сая ам.долларын зээлээр өргөтгөж, “Буянт-Ухаа”-г орон нутгийн нислэгт ашиглах асуудлыг Японтой хэлэлцэнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төсөл болон “Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээ”-ний төслийг хэлэлцэн дэмжлээ.

2019 онд ашиглалтад оруулсан Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ачаалал анх төлөвлөснөөсөө нэмэгдэж, өргөтгөх шаардлагатай болжээ. Энэхүү бүтээн байгуулалтанд зориулж Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас энэхүү бүтээн байгуулалтад зориулж 158.3 тэрбум иен буюу 995 сая ам.доллар зээлэхээр төлөвлөжээ. Харин одоо ашиглаж буй “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг 600 сая ам.доллароор бүтээн босгосон байна.  Одоо ашиглаж буй барилгын талбай нь 37 мянган метр квадрат бол өргөтгөл нэрээр барих талбай нь 81900 метр квадрат гэдгийг “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн захирал Л.Цэнгүүнжав хэллээ. Өргөтгөлийг ашиглалтад оруулснаар нисэх буудлын хүчин чадал 3.2 дахин нэмэгдэнэ.

Байнгын хороодын хуралдааны үеэр УИХ-ын гишүүд "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах хэрэгтэй. Иргэд орон нутаг руу нисэхийн тулд Төв аймгийн Сэргэлэн сум руу хол явж байж нисэх шаардлагатай болдог. Тиймээс "Чингис хаан" олон улсын нисэх буудлын концессыг эзэмшиж буй Японы талтай хэлэлцээ хийж орон нутгийн нислэгээ "Буянт-Ухаа" руу шилжүүлэх шаардлагатай байна" гэсэн юм. Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баярмагнай "Энэ асуудлаар Ерөнхий сайдыг Япон улсад айлчлах үеэр хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа" хэмээлээ.