Т.Баатар: “БНХАУ-ын зүгээс Шинь шинь ХХК-д ял шийтгэл оногдуулахын тулд дахин шинжээч томилсон” гэж шахалт үзүүлж байгаа

Т.Баатар: “БНХАУ-ын зүгээс Шинь шинь ХХК-д ял шийтгэл оногдуулахын тулд дахин шинжээч томилсон” гэж шахалт үзүүлж байгаа

Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй Шинь шинь ХХК-д холбогдох хэргийн талаар болон Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг ойн ангиудад холбогдох хэргийн талаар Экологийн цагдаагийн алба мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Т.Баатар, “Дорнод аймгийн Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК химийн хорт бодистой, баяжуулах үйлдвэрээс гаргасан бохироо гол, хөрсөнд урсгаж байна гэх хэрэгт 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байсан ч хэрэг хэрэгсэхгүй болж хаагдсан. 2018 онд хэргийг дахин сэргээж шалгаж үзээд дахин шинжээч томилох шаардлагатай гэж үзсэн. Ингээд 2020 оны зургадугаар сард гаргасан Шинжээч дахин томилох тогтоолын дагуу 2020 оны 12 сард очиж дахин шинжилгээ авсан. Шинжилгээний явц шалгах ажиллагаа их байсан учир нэлээд хугацаа орсон.

Шинжилгээний хариугаар байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцож талбайн хөрсөнд хүнд металлын тархалтаас учруулсан хохирол нь 427 мянган төгрөг, хаягдал усны далангийн шүүрлийн усанд учруулсан нөхөн төлбөр нь 245 мянган төгрөг болж нийтдээ байгаль орчинд учруулсан хохирол нь 672 сая 652 мянган төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож  хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст хэргийг үргэлжлүүлэн мөрдсөн.

2021 оны 10 сард эрүүгийн хуулийн 24-ын нэгдүгээр зүйл буюу байгаль орчныг бохирдуулах гэсэн гэмт хэрэгт буруутайг нотлох баримт бүрдсэн гэж үзээд яллагдагчаар татах саналын дагуу прокуророос энэ оны гуравдугаар сард яллагдагчаар татаж тус компани удирдлагууд Монголд ирсэн. Бид яллагдагчаар татах тогтоолыг тус компанийн Монгол талыг хариуцсан захирал буюу хууль ёсны төлөөлөгчийг байцааж, ялагдагчаар татах тогтоолыг танилцуулсан. Улмаар тавдугаар сарын 30-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Хэвлэлээр гарсан мэдээлэл дээр Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага сумын захиргаа бүгд манайд шинжээчийн дүгнэлтийг ирүүлээгүй гэсэн байгаа юм. Ер нь бол энэ шинжилгээ нь мөрдөн шалгах эрх, үүрэг бүхий байгууллагын томилгоогоор хийгдсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа учраас бид хөндлөнгийн хяналт гэдэг утгаар нь тухайн байгууллагын удирдлагуудыг оролцуулсан. Гэхдээ бид шинжилгээний дүгнэлтийг мэдээлэх үүрэг хуулиар хүлээдэггүй. Тэгэхээр энэ мэдээллийг явуулах боломжгүй гэдгийг тус байгууллагууд ойлгоогүй юм шиг байна. Хэргийн хувьд 672 сая төгрөгийн хохирлыг учруулсан гэдэг нь тогтоогдлоо гэдэг нотлох баримтын дагуу шүүхэд шилжүүлсэн. Шүүх тухайн иргэнийг гэм буруутай эсэхийг тогтоон түүнээс өмнө хэн нэг этгээдийг гэм буруутай гэж авч үзэж болохгүй.

Мөн Экологийн цагдаагийн газрыг авилга авсан байж болзошгүй асуултууд байсан.  Би энэ байгууллагад ажиллаж удирдах албан тушаал хашиж буй хүний хувьд ийм авилга, ашиг сонирхол огт байхгүй гэдгийг хэлмээр байна. Харин эсрэгээрээ “Та бүхэн манай компанийг ял шийтгэл оногдуулахын тулд шинжилгээнд дахин томиллоо. Бид дахин шинжээч томилон энэ ял шийтгэл буруу” гэсэн шахалт шаардлага тавьж байна.

Түүнчлэн БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам Манай Улсын Гадаад хэргийн яамаар дамжуулаад янз бүрийн ноот бичиг ирүүлж байгаа. Бид энэ бүхнийг туулж уг хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр явж байна. Хэрвээ манай байгууллагыг авилга авсан гэх сэжигтэй үндэслэл байвал авилгатай тэмцэх газар өгч шалгуулж болно. Бид ямар нэг ашиг сонирхол байхгүй гэдгээ баталж байна” гэлээ.