СУРВАЛЖИЛГА: “Моннис урбан девелопмент” ХХК-ийн дутуу бариад, ашиглахгүй орхисон барилгын балгас дотроос эмэгтэйн цогцос олджээ

СУРВАЛЖИЛГА: “Моннис урбан девелопмент” ХХК-ийн дутуу бариад, ашиглахгүй орхисон барилгын балгас дотроос эмэгтэйн цогцос олджээ

Шуудайд хийсэн эмэгтэй хүний цогцос энэ сарын 14 /2022.06.14/-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүргээс олдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл бид, "иргэдийг орхигдсон байгууламжийн хажуугаар явахгүй, сонор сэрэмжтэй байх. Мөн дутуу бариад орхисон барилгаа ашиглахгүй бол нурааж байхыг зарим хуулийн этгээдүүдэд анхааруулах үүднээс тус мэдээллийг бэлтгэлээ.

БЗД-ийн 14-хороо "Цагаан хуаран хотхон"-ы орчимд орхигдсон тус байгууламжаас эмэгтэй хүний цогцос олджээ. 2022.06.15

-ТАЛИЙГААЧ НЬ 6-16 НАСНЫ 4 ХҮҮХЭДТЭЙ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ОРШИН СУУХ ХАЯГТАЙ, 39 НАСТАЙ Г ГЭГЧ БАЙЖЭЭ-

Баянзүрх дүүргийн 14-р хороо “Цагаанхуаран хотхон”-ы ард байрлах дутуу баригдаад, орхигдсон нэг давхар барилгаас тухайн Г-ын цогцос олджээ. Талийгаач нь 6-16 насны 4 хүүхэдтэй Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, 39 настай Х.Г болох нь цагдаагийн байгууллагын шалгалтаар урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.

Цогцос олдсон нэг давхар барилгыг дутуу барьж, ашиглахгүй олон жил болсон учир хогийн цэг болж, орон гэргүй иргэд тэнд орогнох болжээ.

Энэ талаар тухайн барилгууламжтай ойр амьдардаг иргэд “Энэ барилгыг дутуу бариад орхисноос болж, тэнэмэл иргэд амьдарч, иргэд дотор нь элдэв хог хаях болсон. Өчигдөр цогцос олдсон нь ч ийм барилга байгаатай холбоотой. Ер нь энэ дутуу баригдсан барилгад гэмт хэрэг, зөрчил гарах магадлал их өндөр. Үнэхээр ашиглахгүй бол буулгах хэрэгтэй” гэдгийг онцолж байв.

БЗД-ийн 14-хороо "Цагаан хуаран хотхон"-ы орчимд орхигдсон тус байгууламжаас эмэгтэй хүний цогцос олджээ. 2022.06.15

Тухайн барилгад орон гэргүй, архины хамааралтай болсон иргэд орогнодог учраас үүнийг түшиглээд хоёрдогч түүхий эд авах цэг ч тус газарт байрлах болжээ. Харин тухайн барилгад “амьдардаг” гэх тодорхой оршин суух хаяггүй иргэд “Өчигдөр энэ барилгаас эмэгтэй хүний цогцос олдсон гээд цагдаа нар ирж, шалгаад цогцсыг аваад явсан. Уг хэрэгтэй холбоотойгоор биднийг ч шалгаж, шөнийн 03 цагт суллаж явуулсан. Талийгаачийг хэн гэж хүн байсныг мэдэхгүй. Ямартай ч бидэнтэй нийлдэг хүн биш байсан байх” гэх мэдээллийг өгсөн юм.

БЗД-ийн 14-хороо "Цагаан хуаран хотхон"-ы орчимд орхигдсон тус байгууламж “Моннис Урбан Девелопмент” ХХК-ийн эзэмшлийнх аж. 2022.06.15

-ЦОГЦОС ОЛДСОН ГЭХ ХОГИЙН ЦЭГ НЬ “МОННИС УРБАН ДЕВЕЛОПМЕНТ”-ИЙН ЭЗЭМШЛИЙН ЦТП-ИЙН ДУТУУ БАРИГДСАН БАРИЛГА БАЙЖЭЭ-

Иргэдийн хэлж буйгаар гэмт хэрэг, зөрчил гарах магадлал өндөртэй гэх цогцос олдсон барилга нь хэний өмч болох, яагаад ашиглахгүй олон жил болсныг сонирхов. Тус барилга нь “Моннис Урбан Девелопмент” ХХК-ийн эзэмшлийнх аж. Тухайн компани нь Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй "Гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах" төслийн хүрээнд дахин төлөвлөлт хийх компаниудын нэгээр шалгарч, Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр буюу Нарантуул захын хойно баригдах, орчин үеийн шинэ хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байна.

БЗД-ийн 14-хороо "Цагаан хуаран хотхон"-ы орчимд орхигдсон тус байгууламж “Моннис Урбан Девелопмент” ХХК-ийн эзэмшлийнх аж. 2022.06.15

Энэхүү төслийн хүрээнд нийт 2000 айлын орон сууц, 250 хүүхдийн цэцэрлэг, 7000м2 худалдаа үйлчилгээний төв, 5200 м2 талбай бүхий оффис барихаар төлөвлөсөн аж. Гэвч Ковид-19 цар тахлын улмаас зарим барилгын ажил удааширчээ.

Улмаар “Цагаанхуаран хотхон”-ы ард байрлах дахин төлөвлөлтийн газарт орон сууцны дулаан дамжуулах ЦТП-ийн барилгыг дутуу бариад, ашиглахгүй орхисон нь энэ аж.

Тодруулбал, тухайн барилга нь дээр өгүүлсэнчлэн хогийн цэг, орон гэргүй, архины хамааралтай иргэдийн оромж болж, гэмт хэрэг зөрчил гарах нөхцөлийг бүрдүүлсэн байж болзошгүй байна. Тиймээс эл барилгын асуудлыг яаралтай шийдэж, дахин энэ мэт гэмт хэрэг зөрчлийн үүр уурхай болохоос сэргийлж өгөхийг "Моннис Урбан Девелопмент” ХХК-иас иргэд хүсэж байсан юм.