Налайх дүүрэгт гудамжинд лам хүнийг хөнөөсөн хэрэг гарчээ

Налайх дүүрэгт гудамжинд лам хүнийг хөнөөсөн хэрэг гарчээ

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт гудамжинд хүмүүс маргалдаад байна гэсэн мэдээлэл иргэдээс цагдаагийн байгууллагад иржээ. Энэхүү мэдээллийг шалгахад онц ноцтой хүн амины хэрэг үйлдэгдсэн байсныг цагдаагийн байгууллагаас тогтоосон байна.

Тодруулбал, тус дүүргийн гуравдугаар хороонд оршин суух хаягтай 48 настай Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдыг хутгалан хөнөөсөн хэрэг үйлдсэн байжээ.

Хохирогч нь лам хувцастайгаа гудамжинд амьсгал хураасан байсан гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа бөгөөд талийгаачийн цээжин тус газарт нь нэг удаа хутгалсан байсан аж.

Цагдаагийн байгууллагынхан хэргийн газарт очиход хохирогч аль хэдийнэ амьсгал хураасан байсан ба хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгалтын ажиллагааг явуулж байгаа гэв. Харин амь хохирогч нь Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух хаягтай 46 настай Г байсан бөгөөд амиа алдсан өдөр шашины үйл хэргээр тус дүүрэгт ажиллаж байсан гэх албан бус мэдээлэл байгаа юм.

Одоогийн байдлаар тус хэргийг үйлдэх болсон шалтгаан нөхцлийг мөрдөн шалгалтаар илрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.