Улаанбаатарт орсон борооны улмаас Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт зарим айлууд усанд автжээ

Улаанбаатарт орсон борооны улмаас Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт зарим айлууд усанд автжээ

Улаанбаатарт яг одоо үргэлжлэн орж буй ширүүн борооны үеэр Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг айлын гэрт ус орсон тухай дуудлага Нийслэлийн онцгой байдлын байгууллагад ирсэн тухай НОБЕГ-аас мэдээллээ. 

Мөн нутгийн хойд хэсгээр өнөө маргаашдаа дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

Түүнчлэн Хангай нурууны арын Чулуут, Хануй, Хойдтамир, Урдтамир өврийн Онги, Шаргалжуут, Орхон голын дагуух Хөгшин-Орхон зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдсэн байна. Мөн Үүр, Хархираа, Улз, Халх, Хөгшин-Орхон зэрэг голууд голууд үерийн түвшинг 10-35 см даван үерлэж байна. Маргааш ус судлалын Чулуут-Өндөр-Улаан, Онги-Арвайхээр харуул орчмоор усны түвшин 10-30 см нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй, бага насны хүүхдийг анхаарал халамжгүй гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулаа. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.