С.Батбаатар: Манай улсыг саарал жагсаалтад оруулаагүй гэж мэдэгдэл гаргах нь

С.Батбаатар: Манай улсыг саарал жагсаалтад оруулаагүй гэж мэдэгдэл гаргах нь

Энэ сарын 15-ны өдөр ФАТФ хуралдаж Монгол улсыг “Саарал жагсаалт”-д оруулах эсэх асуудлыг хэлэлцсэн. Тус байгууллага албан ёсны шийдвэрээ өнөөдөр олон нийтэд танилцуулах юм. Албан ёсны шийдвэр гараагүй ч нэр бүхий улс төрчид  болон эдийн засагчид Монгол улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Монгол улс “Саарал жагсаалт”-аас мултарсан бололтой гэх албаны хүмүүсийн байр, суурь мэдээлэгдэж эхлэв.

Тухайлбал, УИХ-ын тамгын газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар өөрийн цахим хуудаснаа энэ талаар “МОНГОЛ УЛС “СААРАЛ ЖАГСААЛТ”-ААС МУЛТАРСАН БОЛОЛТОЙ. ФАТФ манай улсыг саарал жагсаалтад оруулалгүйгээр мэдэгдэл гаргах нь. Түүнд Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж, ФАТФ-тай хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлж, тайлангийн зөвлөмжид заасан ажлуудыг хэрэгжүүлж байгааг тэмдэглэжээ.

“Улс төрийн өндөр түвшний” гэдэг нь УИХ-ын дарга Г.Занданшатарын ФАТФ-т илгээсэн захидал, эрсдэлээс сэргийлэх талаар гаргаж буй хүчин чармайлтыг хэлж байгаа аж. Улмаар нэмэлт ажлын зөвлөмж гаргахаар болж байна гэсэн сураг занги сонсдов” гэжээ.

Монгол банкны зүгээс мөн мэдээлэл хийж “Манай улс “Саарал жагсаалт”-д орохгүй байх бүхий л арга хэмжээг авсан” гэж  мэдэгдсэн билээ. Тэгэхээр Монгол улсыг “Саарал жагсаалт”-д орсон ч нэмэлт, хэлэлцээр хийж мулталсан байх магадлалтай болж байна. Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол улс саарал жагсаалтад "орсон" гэж мэдэгдээд байсан юм.