УИХ-ын гишүүн асан Д.Гантулга шинэ өмгөөлөгч авснаар хуралдаан дахин хойшлов

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга шинэ өмгөөлөгч авснаар хуралдаан дахин хойшлов

Өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан болов. Энэхүү хуралдааны шийдвэрээр УИХ гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийг хянан хэлэлцэх хурлыг дахин хойшлуулан 11 дүгээр сарын 01-ны өдрийн 09:30 цагт хийхээр шийдвэрлжээ.

Түүнд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Хойшлуулах болсон шалтгаан нь шүүгдэгч Д.Гантулга өмгөөлөгчөө сольж улмаар дахин өмгөөллийн туслалцаа авсан. Ингэснээр шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцах хугацааг шүүх бүрэлдэхүүнээс хүссэнээр хуралдаан хойшилжээ.

Тодруулбал, Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Гантулгын өмгөөлөгч О.Сайнгэрэл нь “Д.Гантулгын хүсэлтээр, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр гэрээ байгуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаатай холбогдуулан хэргийн материалтай танилцах боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү.” гэсэн хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантулгыг өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа өмгөөлөгчөөс авах эрхээр нь хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан ... өмгөөлөгч ... нэмэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Харин шүүх хуралдаан хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.