Тавантолгой-Гашуун сухайтад зам тавихаар ХБ-аас зээлсэн Эрдэнэс Монголын өрийг "Эрдэнэс Тавантолгой" зэрэг компани ТӨЛӨХӨӨР болжээ

Тавантолгой-Гашуун сухайтад зам тавихаар ХБ-аас зээлсэн Эрдэнэс Монголын өрийг "Эрдэнэс Тавантолгой" зэрэг компани ТӨЛӨХӨӨР болжээ

"Эрдэнэс монгол" ХХК 2014 оны хоёрдугаар сард Хөгжлийн банкнаас 171 тэрбум төгрөгийн зээлийг Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 245 км урттай авто замыг барьцаалж авсан байдаг. 

Улмаар тус компанийн зээлийн үлдэгдэл 158 тэрбум төгрөг болж, анхаарал хандуулах зээлдэгчийн жагсаалтад ороод буй. Гашуунсухайтын төмөр замд зориулан авсан уг зээлийг төрийн мөнгөөр төлөхгүй гэдгийг сар хүрэхгүй хугацааны өмнө Сангийн сайд Б.Жавхлан хэлж байсан. Тэгвэл "Эрдэнэс монгол" ХХК-ийн Хөгжлийн банканд төлөх зээлийг төрийн мөнгөөр төлөхөөр болжээ. 

Тодруулбал тус зээлийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаанд ногдох 2019 оны ногдол ашгаас хуваарилсан 117.2 тэрбум төгрөгөөр дарах шийдвэрийг "Эрдэнэс монгол" ХХК-ийн ТУЗ гаргасан байна. Мөн үлдэгдэл төлбөрийг "Эрдэнэс монгол" ХХК, түүний нэгдлийн охин, хараат компани, харьяа байгууллага хоорондын өглөг, авлагын тооцооны хүрээнд зохицуулалт хийж төлөхөөр шийдвэрлэжээ. 

Өөрөөр хэлбэл "Эрдэнэс монгол" ХХК-ийн Хөгжлийн банкны өрийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Эрдэнэс тавантолгой" ХК-аар төлүүлэхээр болсон байна.