ДУНДГОВЬД АЛИМ УРГУУЛСАН ХОСУУД: Говийн нутагт алимны мод ургуулах нууц жор гэсэн зүйл байхгүй. Сэтгэл л хэрэгтэй /ВИДЕО/

ДУНДГОВЬД АЛИМ УРГУУЛСАН ХОСУУД: Говийн нутагт алимны мод ургуулах нууц жор гэсэн зүйл байхгүй. Сэтгэл л хэрэгтэй /ВИДЕО/

Дундговь аймагт төрийн албанд ажилладаг гэр бүл 2019 оноос хашаандаа алимны мод тарьж ургуулж, цаашлаад өөрсдийн аймгийнхаа хэрэгцээнд нийлүүлэх зорилготой байгаа талаар бидэнтэй ярилцлаа. Говийн нутагт мод бут, жимс жимсгэнэ ургах нөхцөлгүй хэмээн зарим хүмүүс онцолдог ч алим тарьж нутагшуулж буй нь олон хүмүүст цаашид хашаандаа жимс ургуулах хүсэл зоригийг бадрааж өгчээ.

ВИДЕО:

-Сайн байна уу. Сайхан зуншиж байна уу. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайн байна уу. Намайг Пүрэвжавын Очирбат гэдэг. Дундговь аймагт ажиллаж амьдардаг залуу байна. Би геологич мэргэжилтэй. Их сургуулиа анх төгсөөд Дундговь аймагт төрийн албанд ажиллаж байсан. 2006 онд аймгийн засаг даргын тамгын газарт хөрөнгө оруулалт хөгжлийн банкны мэргэжилтэн, орон нутгийн хөгжлийн албаны мэргэжилтэн гэх мэтчилэн төрийн албанд 15 жил ажиллаж байгаад энэ оны нэг сараас хувиараа ажиллаж байна. Манай эхнэрийн хувьд мөн Дундговь аймгийн ЗДТГ санал өргөдөл хариуцсан мэргэжлээр ажилладаг. Ам бүл тавуулаа. Хоёр хүү нэг охинтой.

-Цахим сүлжээнд танай гэр бүлийг Дундговь,тэр тусмаа говийн бүсэд алим тарьж ургуулсан талаар олон хүмүүс хуваалцаж байна. Хэзээнээс алимны мод тарьж ургуулав. Ургац арвин уу?

Манай гэр бүл аймагтаа орон сууцанд амьдардаг. Гэхдээ аав ээжийнхээ хашаанд лагер маягаар очиж хамтдаа байдаг юм. Манай аав ээж их хөдөлмөрч хүмүүс. Хүлэмжийн аж ахуй эрхэлдэг. Нарийн хүнсний ногоо их тариалдаг. Тахиа галуу үржүүлдэг. Одоо хашаанд чацаргана, үхрийн нүд тариалдаг. Эхнэр бид хоёрын хувьд 2019 онд аав ээжийнхээ хашаанд алимны мод тарьж ургуулаад үндсэндээ дөрөв дэх жилдээ арчлаад ургуулаад явж байна.

-Нэг модноос хэдэн кг алим хурааж авдаг вэ?

Бид хоёрын тарьж байгаа алимны мод бол Алтайское Румяное гэдэг сортын алимны мод. Жигдрээд жимслээд ирэхээр 13-14 кг алим өгдөг гэсэн тооцоотой байгаа. Харин манай моднуудын хувьд ноднин анх ганц нэгээр жимсэлж эхэлсэн. Энэ жил бүгдээрээ жимсэлж байгаа.

-Алимны мод ургуулах арчилгаа, туршлагаасаа хуваалцаач?

Миний хувьд багаасаа л алимны мод тарьж ургуулах мөрөөдөлтэй байсан. Манай аав бас алимны мод тарих гэж хүсэж мөрөөддөг хүн байсан. Ер нь бол аав ээжийн хашаанд жимсний мод тариад үзчихсэн байсан учраас алимны мод тариад үзвэл ургаж магадгүй гэж бодоод 10 ширхэг алимны мод тарьсан маань сайхан үр шимээ өгч байна.

Алимны мод бол их энгийн. Нээх тийм гоц гойд хүмүүст ийм тийм байдаг гээд хэлэх нууц жор мор гэсэн юм байхгүй. Хамгийн гол нь сэтгэл л хэрэгтэй. Энэ модыг ургуулах чин сэтгэл, үнэн сэтгэлээсээ хайрлах л юм бол амжилттай ургана.  Говийн нутаг учраас салхи шуурганаас сэргийлэх нөмөр нөөлөг их чухал юм байна гэж бодсон. Нөмөр нөөлөг газар байхгүй бол хүчтэй салхи цохиод байхаар алимны мод маань амьдрах чадваргүй болоод үхжиж эхэлдэг.

-Говийн нутагт жимс, мод, ургамал ургах хэцүү гэж зарим хүмүүс их мэдэмхийрдэг. Таны хувьд энэ талаар юу гэж боддог вэ?

Өрөөсгөл зүйл гэж бодож байна. Гэхдээ би өмнө нь говьд алимны мод ургаж байсан тохиолдол сонсож байгаагүй. Манай аймгийн хувьд бол эрсдэл ихтэй л дээ. Гэсэн хэдий ч дээр хэлсэнчлэн сэтгэлээрээ тарьж ургуулъя гэвэл болдог л юм байна.

-Хувийнхаа хэрэгцээнд л тарьж ургуулсан гэсэн. Одоо олон хүн танай гэр бүлийг мэддэг боллоо. Цаашдаа тариалангаа илүү өргөжүүлье гэсэн бодол байгаа юу?

Тийм ээ. Яг алимны аж ахуй, мод үржүүлгийн газар байгуулах бүрэн бололцоотой юм байна гэдэг итгэлийг олж авчхаад л байна. Өргөжүүлээд орон нутгийнхаа хэрэгцээнд ч юм уу нийлүүлэх бүрэн бололцоо байгаа юм байна гэдгийг ойлгоод  энэ тал руу хандана гэсэн зорилго байна.

-Амт чанарын хувьд хуваалцаач. Дэлгүүрийн алимтай харьцуулбал?

Амт бол үнэхээр тасархай. Арааны шүлс өөрийн эрхгүй асгахаар амтлаг, эсгэлэн байдаг. Энэ жил бүрэн болцыг нь гүйцээгээд зөөлөн чихэрлэг амт ороод эхлэхээр илүү гоё болдог гэсэн. Мэдээж дэлгүүрийн алимтай харьцуулахын аргагүй. /инээв/

-Цаашдаа өөр төрлийн жимс ургуулах бодол байгаа юу?

Пост гарснаас хойш хүмүүс их холбогдож байгаа. Усан үзмийн мод, суулгац өгье гээд сэтгэлээрээ дэмжиж холбогдсон учраас тэр хүнээс суулгац аваад тарьж үзье гэсэн бодол байна даа.

-Ярилцсанд баярлалаа.




Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө