ЗАВЬТАЙ АЯЛАГЧ Э.АНХБАЯР: Хэрлэн голоор 1200 км аялсан сэлүүрт завиа дуудлагаар худалдаж, Чойбалсан хотын өрхүүдэд тусална /ВИДЕО/

ЗАВЬТАЙ АЯЛАГЧ Э.АНХБАЯР: Хэрлэн голоор 1200 км аялсан сэлүүрт завиа дуудлагаар худалдаж, Чойбалсан хотын өрхүүдэд тусална /ВИДЕО/

Далайд гарцгүй орон тул манайд завиар хол зам туулж, усан аялал хийх талаар бид сонсож бас харж байгаагүй. Тэгвэл Монголын хамгийн урт гол гэж хэлж болох тунгалаг "Хэрлэн" голоор урт зам туулан байгалиа, гол усаа хайрлаж хойч үедээ өвлүүлэхийг уриалж, Монголд анх удаа сэлүүрт завиар 1200 км усан замын аяллыг өөрийн нохойны хамт эхлүүлж, 28 дахь өдрөө 1150 км яваад буй Э.Анхбаярыг бид энэ удаагийн "Social ID" буландаа онцоллоо.

ВИДЕО:

-Аян замдаа сайн явж байна уу. Юуны түрүүнд та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?

-Та бүхэн сайн байцгаана уу? Намайг Э.Анхбаяр гэдэг.

-Аяллын хамтрагчаа танилцуулбал?

Манай хамтрагчийг Артур гэдэг. Одоо долоон сар гарантай. Лабрадор үүлдрийн нохой. Артурын түүх нь дайны үед усанд сэлэх, туслах, аялж яваа хүмүүст бол гал түлэх түлээ зэргийг зууж олж авчирч өгдөг. Тиймээс аяллын маань маш сайн хань гэж ойлгож болно.

-Таны хувьд яагаад сэлүүртэй завьтай аялалд гарах болов? Хэдий хугацаанд төлөвлөсөн бэ?

-Би 2012 оноос хойш морь, дугуй гэх мэт бүх төрлөөр хол замыг туулж Монголоороо аялж эхэлсэн. Завьтай аяллаа хоёр жил сайтар төлөвлөөд 2022 оны долдугаар сарын 14-ны өдөр “Хэрлэн” голын эхээс Дорнод хүртэл 1200 км аялалд гараад 28 дахь өдрөө явж байна. Бариандаа ороход 40 км зам үлдсэн байна даа.

-Энэхүү аяллыг хийж буй гол зорилго нь юу вэ?

-“Байгаль орчноо бохирдуулахгүй байх, гол мөрнөө яг энэ чигээр нь ирээдүй хойч үедээ үлдээе” гэсэн уриатай эко аялал байгаа.

-ЕР НЬ ЭНЭ АЯЛАЛ МААНЬ ХҮМҮҮСИЙН ТОЛГОЙД БУУГААГҮЙ, БҮГД Л ДЭМИЙ ГЭЖ БАЙСАН-

-Усан зам гэдэг мэдээж осолтой шүү дээ. Ялангуяа Монголд өмнө нь энэ төрлийн аялал огт байгаагүй. Завиар аялна гэхэд гэрийнхэн нь хэрхэн хүлээж авч байв?

-Гэр бүлийнхэн бол мэдээж дургүй байсан. Ер нь бол энэ аялал маань хүмүүсийн толгойд буухгүй байсан л даа. Бид чинь морь мал, машин тэрэгний л хүмүүс шүү дээ. Голоор завьтай хол явдаг далайтай орны хүүхдүүд биш. Усанд л орж мэднэ. Нуур явж мэднэ. Том том нууран дээр очихоороо захаар нь жараахай бариад л байж байдаг шүү дээ. Тиймээс миний аялалынхаа тухай хэлсэн бараг хүн бүр л ер нь дэмийдээ “гол усанд, үерт яваад өгнө” гэж байсан. Харин миний хувьд хамгийн гол зүйл нь хүн ямар ч нөхцөл байдалд аюулгүй байдлаа бодож, өөртөө ч хантааз, нохойдоо ч хантааз, авч сайтар төлөвлөж, биеэ ч бэлдэж байгаад гарсан. Амжилттайгаар дуусгах гэж байгаадаа баяртай байна.

-Та хол зам туулахдаа завиа хэрхэн сонгов? Хаанаас авсан бэ?

-Завь маань бол Каяак гэдэг нэртэй спорт завь байгаа. Бидний мэдэхээр далайд ч юм уу, эсвэл нэг тэмцээнд хүмүүс гурав дөрвүүлээ сэлүүрдэж уралдаад байдаг гэдгээр нь мэдэх байх. Хари энэ завины яг өөрийнх нь зориулалт бол хэр баргийн юманд цоороод эвдрээд байдаггүй, бат бөх, сэлүүрдэж явахад хамгийн тохиромжтой завь байгаа. Би хоёр хүний завийг нь захиалж авчирсан. Нэгэнд нь нохойгоо суулгахаар төлөвлөсөн юм.

-ЗАМДАА MAPS ДЭЭР БАЙДАГГҮЙ УУРХАЙН ОЛБОРЛОЛТ ЗАМ ХААСАН ГҮҮР ЗЭРЭГТЭЙ ТААРСАН-

-“Хэрлэн” голоор 28 хоногийн туршид аялхад тохиолдсон сайхан болон муухай зүйлсийнхээ талаар яриач?

-Юун түрүүнд замд маань олон бургас таарсан. Ихэнхдээ ёроолоороо гялгар уут болон ундааны сав зэрэг хөглөрч тогтсон байсан. Мэдээж маш их хортой шүү дээ голын усанд, байгальд тиймээс байгалиа хайрладаг байцгаая гэж уриалмаар байна. Мөн Бат хааны хуучин гүүр нураад голын тэр чигээр нь хаасан байдалтай байсан. Баян-Овоо сумаас гарахад сум хоорондын цахилгааны утас байдаг даа. Тэр бол яг гол дээгүүр ил байдаг юм байна лээ. Их осолтой харагдсан. Энэ мэт маш олон зүйлстэй таарсан. Цаг агаарын нөхцөл байдал ч амаргүй байлаа. Гэхдээ сайхан зүйлс нь бүр зөндөө шүү дээ. Манай хөдөөгийн малчид маань бол элдэв юм асууна морь малаа гол гаргах гэсэн юм. Голын хойд талаас нэг тийм адуу олоод хөөгөөд гаргаад өгөөч. Завин дээр чинь мотоциклоо тавиад хойшоо гарч болох уу ч юм уу хөгжилтэй зүйлс их асууна. Мөн заавал дурдах ёстой нэг зүйл нь малчид маань маш сайхан хүнтэй мэндэлж цай хоолоор дайлж, цайлаад ерөөл хэлж явуулдаг Монгол ёс заншилаа хадгалж яваа хүмүүс байна лээ. Бас maps дээр гарч ирдэггүй уурхайн ажлуудтай эвдэрсэн гүүр зэрэгтэй таарсан.

-Хоёр жил төлөвлөсөн гэхээр замын маршрутаа маш сайн гаргасан байх, гэтэл тэмдэгдээгүй уурхайн олборлолтууд явагдаж байсан гэсэн үг үү?

-Тиймээ. Хуучны ашиглалтад ороогүй гүүр ч гэдэг юм уу эсвэл тодорхой цэгүүд байдаг шүү дээ. Жишээ нь Баянтүмэн сум орход maps дээр харагддаг. Мөн хороонууд нь хүртэл харагдаж байгаа мөртлөө, уул уурхай болон зарим нэг хуучны гүүр харагдахгүй байна лээ.

-ЗАВИА ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРУУЛЖ ЧОЙБАЛСАН ХОТЫН СУДАЛГААНААС ХАРЖ БАЙГААД, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ЭСВЭЛ НЭН ЯДУУ АЙЛД ТУСАЛНА-

 -Голоор завьтай хүн явж байхаар таарсан хүмүүс ер нь хэрхэн хүлээж авч байна?

-Мал хүнгүй л нэлээд гайхна. Энэ одоо юу яваад байна гэсэн янзтай харна. Долоо хонгийн өмнө хоёр хүүхэд усанд орж байгаад дүү нь хөл алдаж, сандаргадаг юм байна. Тэр үед нь би яг хажуугаар нь өнгөрч байсан тулдаа тус болж, гаргасан. Ах дүү хоёр тэгээд надад загнуулаад л гэр лүүгээ явсан даа. Болгоомжтой байж хүүхдүүдээ хараа хяналттай байлгах хэрэгтэй шүү.

-Удахгүй бариандаа орох гэж байна шүү дээ. Энэхүү аяллаа Чойбалсанд дуусгах гэж байгаа юу? Дахин цааш завиар явах уу?

-Наймдугаар сарын 9-ны өдөр бариа буюу Дорнод аймгийн Чойбалсан хотын цэцэрлэгт хүрээлэнд бууна. Тэндээсээ завиа дуудлага худалдаанд оруулж Чойбалсан хотын судалгаанаас харж байгаад, олон хүүхэдтэй эсвэл нэн ядуу айлд туслахаар төлөвлөж байгаа.

-Таныг хараад манай үзэгчид маань бас завиар аялахыг хүсэж байгаа байх. Гол дагуу завиар аялах гэж буй иргэдэд хандаж зөвлөгөө өгөөч?

-Тэгэлгүй яах вэ. Ядаж нэг багануур хүртэл завиар гол дагаад явж үзэх хүсэлтэй залуус маш их байдаг юм байна лээ. Тэдэнд хандаж хамгийн чухал нь аюулгүй байдал шүү. Үүний дараа баг ачаа, бие сэтгэлийн бэлтгэл, сайн төлөвлөлт хэрэгтэй гэж л зөвлөмөөр байна даа.

-Тунгалаг “Хэрлэн” голоос холбогдож, бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

-Намайг олж мэдээд, надтай холбогдоод, энэ сайхан 28 дахь оройг угтаад ярилцлага авч байгаа та бүхэнд, ярилцаж буй хүн арын албанд байгаа бүх хүнд маш их баярлалаа. Аз жаргалтайгаар сайхан амьдарцгаая Isee mn сайтын хамт олонд баярлалаа.