Д.Трампын Туркийн Ерөнхийлөгчид бичсэн захидал ил болж, олныг шуугиулаад байна

Д.Трампын Туркийн Ерөнхийлөгчид бичсэн захидал ил болж, олныг шуугиулаад байна

Туркийн цэргийн хүчин аравдугаар сарын 09-ны Сирийн умард хэсэгт Курдын алан хядах бүлэглэлийн эсрэг “Энх тайвны эх үүсвэр” цэргийн ажиллагааг эхлүүлсэн. Мөн өдөр АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд хатуухан үгтэй захидал илгээсэн нь шуугиан тарьсан юм. Түүний уг захидлыг “Fox News” суваг олж авснаа олон нийтэд тараасан билээ. Уг захидалд Д.Трамп Туркийн ерөнхийлөгчийг байлдааны ажиллагаагаа зогсоохыг шаардахдаа “эрүүлээр сэтгэж, мунхаглахаа болих” –ыг уриалсан юм. Эрдоган захидлыг уншаад ихэд уурлаж шууд хогийн саванд хаясан талаар BBC мэдээлж байсан.

Д.Трамп ЗАХИДАЛДАА

“Эрхэм ерөнхийлөгчөө. Та олон мянган хүний амь үрэгдсэнд хариуцлага хүлээхийг хүсэхгүй байна. Би Туркийн эдийн засгийг сүйрүүлэхдээ  хариуцлага хүлээхийг хүсэхгүй ч үүнийг хийхэд бэлэн байна. Тиймээс тохиролцъё. Хэрэв та зөв замыг сонговол түүхэнд сайнаар бичигдэнэ. Хэрэв буруу замаар явбал үүрд эрлэгийн элч мэт дурсагдана. Битгий хатуурх ! Битгий тэнэглэ! Би та нарын зарим асуудлыг шийдвэрлэхийн тулд шаргуу ажилласан. Бүх дэлхийг “өөрчлөх” шаардлагагүй. Та гайхалтай үр дүнд хүрч чадна. Сирийн Ардчилсан хүний удирдагч, 1990 оноос хойш Курдистаны ажилчдын намын даргаар ажиллаж генерал Мазлум тантай ярилцах хүсэлтэй байгаа бөгөөд буулт хийхэд бэлэн байна. Би саяхан түүний захидлыг хүлээн авсан. Хэрэв та бүх зүйлийг зөв бөгөөд хүнлэг байдлаар хийвэл түүхэнд сайнаар бичигдэн үлдэх болно.

Хэрэв сайн үйлс бүтээхгүй бол та “чөтгөр” хэвээр үлдэнэ. Өөрийгөө хатуу харгис нэгэн битгий болгоорой. Тэнэг байж болохгүй. Дараа залгая” гэж бичжээ.

Гэтэл Туркийн төрийн тэргүүн АНУ-ын ерөнхийлөгчийн сүрдүүлгийг үл тоон  цэргээр Сирийн хилээр нэвтрүүлсэн нь захидал түүнд нөлөөлөөгүй бололтой.

Д.Трамп Туркийн ерөнхийлөгчид захидал илгээснийхээ дараа тус улс руу төлөөлөгчдөө илгээж, Эрдогантай уулзуулжээ. Тодруулбал, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар тус улсыг зорьжээ. АНУ-ын дэд ерөнхийлөгч М.Пэнс Туркийн төрийн тэргүүнтэй уулзсаныхаа дараа тав хоногийн хугацаатай гал зогсоох болсныг зарласан. Тэд Туркийн төрийн тэргүүнээр ийм шийдвэр гаргуулахын тулд хэр их зүйл амласан нь тодорхойгүй аж.




Өнөөдөр хулгана өдөр

22 минутын өмнө