ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар мод тарилаа

2022-08-09 14:58

ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд мод тарилаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар үг хэллээ. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Олон улсын хамтын нийгэмлэг, дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтууд болох уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол зэрэгт онцгой анхаарч, улс орон бүр чармайн зүтгэж байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй аргыг мод тарьж, ургуулах хэмээн үзэж, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох модыг тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг эх орондоо өрнүүлж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, ой, усны нөөцийг хамгаалах, хүнсний хангамж, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг байгаль, дэлхийтэйгээ харьцах зөв хандлага, соёлыг ард иргэд, түүний дотор хүүхэд залууст сурталчлан түгээх ач холбогдолтой  юм. Үндэсний хөдөлгөөнд ард иргэд, тэр дундаа залуучууд маш идэвхтэй оролцож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Нэг мод тарихад түүнийг даган ургах бут, сөөг, өвс, ургамал хүлэмжийн хийг шингээж, хөрсний чийгийг хамгаалан, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэхэд хувь нэмрээ оруулдаг бол 100 мянгаар тоологдох мод тарихад тухайн газар нутгийг, харин сая, тэрбум мод тарихад бүс нутгийг эрүүлжүүлэх ач тустай гэдгийг эрдэмтэд судлан тогтоосон.

Монгол Улс 2026 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, бидэнтэй нэгдэж байгаад ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, “Юуны өмнө энд  цугласан энхийг сахиулагч эрэгтэй, эмэгтэйчүүд Та бүхэнд гүн талархал илэрхийлье. Дэлхийн хамгийн халуун цэгүүдэд Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, энгийн иргэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн хүмүүст бүхий л талын дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэн Та бүхний үйл хэргийг өндрөөр үнэлж байгаагаа хэлье.

Мөн энд хүрэлцэн ирсэн хүүхэд, залуусын төлөөлөлд баяр хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын хүүхэд, залуус байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог гэдгийг надад хэлсэн. Та бүхний үйл хэргийг талархан хүлээн авч, баяр хүргэе. Бидний үеийнхэн эх дэлхийдээ ээлтэй хандаж чадаагүй. Бид байгаль орчноо бохирдуулж, байгалийн баялгийг хэрэглэж, хойч үедээ эх дэлхийг хэвээр нь хүлээлгэн өгч чадсангүй.

Улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, ус, хөрс, агаарын бохирдлын улмаас олон хүндрэл амсаж байна. Байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж байна. Энэ бүгдийг зогсооход залуус Та бүхнийг уриалахыг хүсэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд өөрийн хувь нэмрийг оруулах боломж олгосонд талархал илэрхийлье.

Монгол Улсад тэрбум мод тарьж ургуулснаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, орчны бохирдлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хадгалж үлдэхэд маш чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Байгаль орчин, хүн төрөлхтний хоорондын холбоосыг тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах үйл ажиллагаа дахин сэргээх ач холбогдолтой гэж ойлгож байна” гэлээ.

2022-08-09 13:12

Антонио Гутерреш: Монгол Улсын нийт газар нутгийнх нь 77 орчим хувь цөлжилтөд нэрвэгджээ

НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш, манай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар өнөөдөр /2022.08.09/ хамтарсан мэдээлэл хийлээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ: 

Энэ үеэр Антонио Гутерреш, "Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улсын нийт энхийг сахиулагчдад НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны хамгийн хүнд хэцүү талбарт үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлье. Дайны хөлд нэрвэгдсэн улс орнуудад энх тайван, тогтвортой байдлыг дэмжин бэхжүүлэхийн төлөө хичээн зүтгэж, мэргэжлийн өндөр ур чадвар харуулан, хүлээсэн үүргээ биелүүлж байгаад нь бид гүнээ талархаж байна. Монгол Улс энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд санаачилга гарган ажиллаж байгаагийн зэрэгцээ энэ оны зургаадугаар сард Улаанбаатар хотноо энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийн асуудлаар олон улсын хурлыг зохион байгуулсан.

Энэ нь дэлхий нийтийн хамтын зорилт болох жендэрийн тэгш байдлыг хангах явдалд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, манлайлал, эв санааны нэгдэл тууштай хуч чармайлтын илрэл юм.

Олон талт механизмд Монгол Улсын үзүүлж буй дэмжлэг нь НҮБ-ын Энхийг сахиулах үйлсэд оруулж буй хувь нэмрээр хязгаарлагдахгүй. Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласнаар цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах бодлого баримталж буйгаа олон улсын хамтын нийгэмлэгт харуулсан. Эх дэлхийг цөмийн зэвсгээс ангид болгохын тулд бусад улс ч Монгол Улсыг үлгэрлэн дуурайна гэж би найдаж байна.

Монгол Улс бүс нутагтаа энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх "Улаанбаатарын яриа хэлэлцээр" санаачилгыг гаргасан нь үүний тод жишээ юм.

Монгол Улс Далайд гарцгүй орнуудын бүлгийг 1994 онд үүсгэн байгуулахад манлайлан оролцсон билээ. Улмаар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг 13 жилийн өмнө Улаанбаатарт байгуулсан. Далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд Монгол Улс нь худалдаа, тээвэр, холболтын олон бэрхшээлтэй тулгарч байна. Эдгээр сорилт нь ковид-19 цар тахал, Украин дахь дайн, улам бүр нэмэгдэж буй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас улам хүндэрч байна.

Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд олон жилийн ган гачиг нь нөлөөлж, нийт газар нутгийнх нь 77 орчим хувь цөлжилтөд нэрвэгджээ.

Монгол Улсын Засгийн газар эдгээр сорилтыг даван туулахын тулд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхийн төлөө чармайн ажиллаж, энэ хүрээнд "Нэг тэрбум мод" зэрэг санаачилгыг хэрэгжүүлж байна. Байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицуулахад Монгол Улсын жишээг бид сайшааж байна.

Монгол Улс өөрийгөө төдийгүй бусад улсыг хангахуйц сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй тул сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэгч болох боломжтой. Мөн Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хангамжийн сүлжээнд зэсийн нөөцөөрөө томоохон тоглогч болох боломжтой. Далайд гарцгүй хэдий ч Монгол Улс яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг чухалчилсан бүтээлч гадаад бодлого нь улс орнуудын хооронд гүүр болж, тогтвортой хөгжлийг урагшлуулахад дэмжлэг болж байна” гэлээ. 

2022-08-09 12:35

Б.Батцэцэг: Цахим үндэстэн болох ажлыг хэрэгжүүлэхэд НҮБ-тай хамтран ажиллана

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2022.08.08/ хүрэлцэн ирсэн. Тэрбээр өнөөдөр /2022.08.09/ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийсэн байна. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш хамтарсан мэдэгдэл хийлээ.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттеришийн энэ удаагийн айлчлал нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирсний 20 жил, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 30 жилийн түүхэн ойтой давхцаж байгаа нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд оруулж буй манай улсын хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна.

2021 оны арванхоёрдугаар сард Монгол Улс цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталсан. Манай улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтаар цаашид ч хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна.

Дэлхий дахинаа тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг асуудлыг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилготой "Тэрбум мод" тарих санаачилгыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэвшүүлж, үндэсний хөдөлгөөн өрнүүлж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш энэхүү санаачилгыг дэмжиж, өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих арга хэмжээнд оролцоно. Мөн НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай энэ оны тавдугаар сард байгуулсан 2023-2027 онд хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд таван үндсэн чиглэлээр нягт хамтран ажиллана.

  • Ялангуяа боловсролыг шинэчлэх,
  • Цахим үндэстэн болох,
  • Сэргээгдэх эрчим хүчийг гол эрчим хүчний хангамж болгох 

зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын туслалцаа, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна" хэмээв. 

2022-08-09 10:04

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын тэргүүн Антонио Гуттереш нар уулзалтынхаа дараа МОД тарина

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2022.08.08/ хүрэлцэн ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерешийг хүндэтгэн, угтах ёслол өнөөдөр /2022.08.09/ өглөө Сүхбаатарын талбайд боллоо.

Тодруулбал, НҮБ-ын тэргүүн Антонио Гуттерешийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэт харуулын хамт угтан авч, албаны хүмүүс, манай улсад суугаа Элчин сайд нар түүнтэй мэндчилж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлсэн юм. Тэгвэл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар яг одоо уулзаж ярилцаж байна. Мөн тэд өнөөдөр хамтдаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих үйл ажиллагаанд оролцох ажээ.

2022-08-09 08:50

LIVE: НҮБ-ын тэргүүн Антонио Гутеррешыг УГТАХ ёслол Сүхбаатарын талбайд болж байна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад энэ сарын 8-11 /2022.08.08-11/-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна. Түүний айлчлал өнөөдөр /2022.08.09/ албан ёсоор эхэлж байгаа бөгөөд түүнийг угтаж авах ёслолын ажиллагаа өглөө 8:45 цагт Сүхбаатарын талбайд болж, хүндэт харуул жагсаад байна. 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө