Орост нэгтгэсэн Крымд томоохон дэлбэрэлт болж,  В.Зеленский “Крымийг чөлөөлөх замаар дайн дуусгах ёстой” гэж мэдэгджээ

Орост нэгтгэсэн Крымд томоохон дэлбэрэлт болж, В.Зеленский “Крымийг чөлөөлөх замаар дайн дуусгах ёстой” гэж мэдэгджээ

Крым дахь Оросын цэргийн баазад дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амь үрэгдлээ гэж тэнд ОХУ-аас томилогдсон бүс нутгийн захиргааны дарга мэдэгджээ. Тэрээр олон нийтийн сүлжээнд “баруун эрэгт орших Новофедоривка орчмын Саки цэргийн баазад дэлбэрэлт болсон” гэж бичжээ. 

Харин үүний дараа ОХУ-ын Батлан хамгаалах яам, “Сум дэлбэрсэн, гал түймрийн нөлөөлөл байхгүй” гэж мэдэгдсэн байна. Гэтэл олон нийтийн сүлжээгээр тархаж буй бичлэгүүдэд олон тооны дэлбэрэлт болж байгааг харуулжээ. 

Мөн орон нутгийн иргэд "Ройтерс" агентлагт мэдээлэл өгөхдөө, “орон нутгийн цагаар 15:20 цагаас эхлэн дор хаяж 12 дэлбэрэлт сонссон. Дэлбэрэлт болсон газрын эргэн тойронд 5 км-ын зайд явахыг хориглосон бүс тогтоосон” гэж ярьсан байна.

Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр хийсэн видео мэдэгдлээ Крымд зориулсан боловч тус дэлбэрэлтийн талаар шууд дурдаагүй байна. Тэрээр, "Крым бол Украин, бид хэзээ ч бууж өгөхгүй. Крымээс эхэлсэн дайн Крымийг чөлөөлөх замаар дуусгах ёстой” гэж мэдэгджээ. Учир нь Украины хойг болох Крымийн бүс нутгийг 2014 онд Москвагийн өөртөө нэгтгэж, Оросын жуулчдын очих дуртай газар болоод байгаа аж.

Эх сурвалж: BBC