БИДНИЙ ТУХАЙ: Монголчууд “Эгийн гол”-ын УЦС баривал Буриадын хот сүйдэж, экологийг гамшигт хүргэнэ зэргээр мэдээлж, эсэргүүцэж эхэлжээ

БИДНИЙ ТУХАЙ: Монголчууд “Эгийн гол”-ын УЦС баривал Буриадын хот сүйдэж, экологийг гамшигт хүргэнэ зэргээр мэдээлж, эсэргүүцэж эхэлжээ

Өнгөрөгч долоо хоног /2022.08.08-11/-т НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш манай улсад айлчлах үеэрээ “Эгийн голын усан цахилгаан станц /УЦС/-ын асуудалд НҮБ бодлогын дэмжлэг үзүүлнэ” гэдгээ мэдэгдсэн. Учир нь Эгийн гол дээр УЦС барихыг Оросын тал эсэргүүцэж, ЮНЕСКО-д гомдол гаргаснаар тус төслийн ажил олон жил саатаад байгаа юм.

Тэгвэл НҮБ-ын тэргүүний дээрх мэдэгдэл болон Эгийн голын УЦС баригдах болсон асуудлыг эсэргүүцэж ОХУ-ын зарим хэвлэлд мэдээлэл гарч эхэлжээ. Тухайлбал, Буриадын Babr24.com сайт дээр “Монголын усан цахилгаан станцууд - Буриадад аюул заналхийлж байна уу” гэсэн мэдээлэл нийтлэгджээ.

-МОНГОЛЫН ЭГИЙН ГОЛЫН УЦС НЬ БҮХ БАРИАДЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ДАХИН ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА ГЭЖЭЭ-

Тус мэдээлэлд, “Сэлэнгийн цутгалан дээр барихаар төлөвлөж байгаа Эгийн голын УЦС нь бүх буриадын аюулгүй байдалд дахин заналхийлж байна. Учир нь Буриадын ард түмнээс гуйх бодолгүйгээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш энэ төслийг дэмжин гарч ирлээ. Тэрээр “хөгжиж байгаа орнууд эрчим хүчний хараат байдалд байх ёсгүй. Иймд НҮБ-ын зүгээс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 46 дугаар чуулганаар хийсэн судалгааны үр дүнтэй танилцаж, энэ талаар улс төрийн түвшинд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгдлээ.

А.Гутерриш ийнхүү мэдэгдэл хийх нь арван жилээр оройтсон. Учир нь Монгол Улс эрчим хүчний хараат байхаа больсон.

Тэрээр энэ тухай ярьж байгаа нь зүгээр л популизм. Тодруулбал, өдрийн цагаар цахилгааны хомсдолд ордог ч, одоогоос 10-аад жилийн өмнө ч гэсэн шөнийн цагаар Монгол Улс өөрийн үйлдвэрлэсэн эрчим хүчээрээ улсынхаа хэрэгцээг хангаж, илүү урсгалыг нь эсрэгээрээ Орос руу чиглүүлдэг. Гэтэл Монгол Улс нутаг дэвсгэр дээрээ өчнөөн шинэ хүчин чадалтай цахилгаан станц барина гэж төлөвлөж, бүр баригдаж байгаа нь энэ улс алдагдлаа барагдуулаад зогсохгүй цахилгаан эрчим хүчний экспортлогч орон болох зорилготой байгаа юм.

-БҮХ ЗҮЙЛ БУРИАДЫН АРД ТҮМНИЙГ САНДАРГАЖ, УУРЛУУЛАХ ЗОРИЛГОТОЙ ХИЙГДЭЖ БАЙНА ГЭЖЭЭ-

Харин таван жилийн өмнө Монгол Улс усан цахилгаан станцын оронд Орос-Хятадыг холбосон байгалийн хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэрээрээ дамжуулах санал тавьсан. Тэгвэл Хятад руу нийлүүлэх хийн хоолойг Монголоор дайруулах нь одоо бодит ажил болж байна. Гэтэл гаднах төрхөөрөө бол энэ нь “ноёнтны тохиролцоог зөрчсөн”, ОХУ-ын гадаад бодлогын нүүрэнд алгадаж байгаа хэрэг юм. Монголчууд тоохгүй байж болох ч Буриадууд яагаад дахин эрсдэлд орох ёстой гэж. Эгийн гол далайн түвшнээс дээш 1600-1300 метр өндөрт урсдаг. Буриад улсын Кяхтинскийн дүүрэг нь далайн түвшнээс дээш 600-800 метрийн өндөрт оршдог.

Одоо Буриад тосгоноос нэг километрийн зайд орших уулын голыг хааж, усан сан бүхий хиймэл далай үүсгэсэн “аварга бетон хана”-ыг төсөөлөөд үз.

Монголчууд хэр их ус бий болгохыг хүсч байгааг бид мэдэхгүй ч, далан хагарвал тэр бүгд голын сайрын дагуу Сэлэнгэ рүү урсаж, Буриадын Кяхтинский, Жидинский дүүрэгт очно. Усан цахилгаан станцад осол гарсан тохиолдолд усны хөдөлгөөний дүр зураг нь таамаглал боловч, маш их магадлалтай. Харин далан барих явцад голын урсгалыг бүхэлд нь таглах нь гарцаагүй. Үүний үр дагавар нь бүс нутгийн экологийг хэр их гамшигт хүргэх бол.

Энэ асуудлаар өмнө нь бидэнтэй ярилцаж болох байсан ч Монголын тал мэдээлэл солилцох огт сонирхолгүй байх шиг байна.

Бүх зүйл Буриадын нам дор нутгийн оршин суугчдыг аль болох сандаргаж, уурлуулах байдлаар хийгдэж байна. Эрчим хүчний хомсдолтой тэмцэх гэж зориудаар худал орилоод байхаас биш хувилбаруудаа энгийн байдлаар илэрхийлэх нь үнэхээр боломжгүй гэж үү, Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хомсдол амжилттай шийдэгдэж, удахгүй экспортлогч орон болно. Буриад өөрөө цахилгаан эрчим хүчээ дуртайяа авч эхлэх байх. Гэхдээ тэд хил дамнасан голуудын талаарх олон улсын хэм хэмжээг үл тоомсорлож болохгүй” гэжээ. Мэдээллийн эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

-ЭГИЙН ГОЛ УЦС БАРИГДСАНААР ОХУ­-ЫН БАЙГАЛЬ НУУРТ СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХГҮЙ ГЭСЭН БОЛ, МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛИЙГ ЗОГСООСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ Д.СҮХГЭРЭЛИЙГ ШАЛГАЖ ЭХЛЭЭД БАЙНА-

Сонирхуулахад, Эгийн гол УЦС-ын төслийг 2016 онд нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд  гомдол гаргаснаар ажил саатсан байдаг.

Харин өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл нь ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг.

Мөн манай улс олон улсын тендер зарлаж, Франц Улсын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж байгаа юм. Эдгээр судалгааны дүнг ирэх 2023 оны ЮНЕСКО-гийн  Дэлхийн өвийн хорооны хурлаар оруулж шийдвэр гарвал Эгийн голын УЦС-ын төсөл үргэлжлэх боломж бүрдэх юм. Мөн Германы Nosvox.com сайт дээр ОХУ-ын иргэн, тагнуулч Е.Симонов болон түүний монгол эхнэр Д.Сүхгэрэл нар Монголын дотооддоо цахилгаан эрчим хүч бий болгох төслүүдийг хэрхэн зогсоож, хорлон сүйтгэх ажиллагааг хийсэн тухай мэдээлэл гарсан. Тэгвэл Д.Сүхгэрэлийг манай хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө