Дархан цаазат "Зэд"-ийн нуруунд ховор амьтан агнуулж, мод огтолж сүйтгэх ажлыг хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулуун нь хийдэг гэв

Дархан цаазат "Зэд"-ийн нуруунд ховор амьтан агнуулж, мод огтолж сүйтгэх ажлыг хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулуун нь хийдэг гэв

Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт Зэд-Хантай-Бүтээлийн нурууг хамгаалалтад авч дархан цаазат газарт бүртгэсэн. Энэ бүс орчим нь өтгөн тайга, торлогт хөндийн ландшафт голлох цулдам өндөр уулс, хотгор, томоохон голуудын хөндий бүхий гадарга зэрэг үзэсгэлэнт тогтоцоос бүрддэг. Гэтэл сүүлийн үед зарим албан тушаалтнуудын хууль бус үйлдлээс болж  тус онгон дагшин газар нь сүйдэх эрсдэлтэй болсон талаар манай сайтад мэдээлэл ирсэн юм.

Тодруулбал, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулуун нь тус бүс орчмыг хамгаалах үүрэгтэй албан тушаалтан ч эсрэгээрээ хор хөнөөл учруулж, сүйтгэж байж болзошгүй үйлдлийн талаар нутгийн иргэд ярьж байгаа юм.

Тиймээс ч Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын зарим иргэн Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж Д.Болорчулууны Зэд-Хантай-Бүтээлийн нуруунд учруулсан байж болзошгүй зарим хортой үйлдлийг шалгуулахаар ханджээ.

-Д.БОЛОРЧУЛУУН НЬ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ НИЙЛЖ ХОВОР АН АМЬТДЫГ АГНАЖ, ОЙ МОДЫГ ОГТЛОХООС ГАДНА ОНГОН БҮСЭД ХУВИЙН ХАУС, АМРАЛТЫН ГАЗАР БАЙГУУЛСАН -

Энэ хүрээнд бид иргэн С-ийн Авлигатай тэмцэх газарт гаргасан Д.Болорчулуунтай холбоотой гомдлыг хүргэж байна.  

ГОМДОЛД 

  • Д.Болорчулуун нь улаан номд орсон нэн ховорт тооцогдох баавгай, бамбарууш, зэрлэг гахай, хүдэр, буга, хандгай, шилүүс зэрэг ан амьтдыг агнах хууль бус үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Ингэхдээ Оросын иргэд Монголын төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүст зориулж тогтсон ханш гаргаж хураамж авдаг байж болзошгүй аж. Үүнээс үзвэл Монголын төрийн томоохон албан тушаалтнууд болон оросууд тус бүс нутагт очиж хууль бусаар ховор ан амьтан агнадаг байж магадгүй байна. Үүгээр зогсохгүй Д.Болорчулууны дүү нь баавгай агнаж яваад хуулийнханд баригдаж Булган аймгийн цагдаад шалгагдсан ч хариуцлага хүлээлгүй суллагдсан талаар нутгийн иргэд ярьдаг.
  • Д.Болорчулуун нь дархан цаазат газрын онгон бүсэд хувийн хаус, амралтын газар барьсан бөгөөд тэндээ хууль бусаар ан хийх хүмүүсийг түр байрлуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.
  • Уг дархан цаазат газар нь сум, багийн төвөөс алслагдмал тул нутгийн иргэд төдийлөн очдоггүй байгалийн онгон дагшин байдлаа олон жилийн турш хадгалж иржээ. Гэтэл Д.Болорчулуун нь тус тусгай хамгаалалттай газрын дарга болсны дараагаас эхлэн ой модыг хавтгайруулан огтлох явдал эрс нэмэгдэж байгалийн үзэсгэлэнт дүр төрх алдагдаж эхэлсэн байна.

Дархан цаазат газрын онгон дагшин байгальд барьсан байшин

-ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН ЗАХИРГААНЫ АЖИЛЧДЫГ ДАРАМТАЛЖ ХУВИЙН БИЗНЕСТЭЭ АЖИЛЛУУЛАХААС ГАДНА МАЛАА МАЛЛУУЛДАГ. МӨН АН АМЬТАНД ӨГӨХ ЁСТОЙ ӨВСИЙГ МАЛДАА ӨГДӨГ ГЭВ -

  • Дархан цаазат газрын ойр орчмын айл өрхийн амьжиргааг дэмжих зорилго бүхий Германы төсөл Сэлэнгэ суманд хэрэгждэг бөгөөд уг төслөөр олгосон трактор, төмс хураах техник хэрэгслийг нутгийн айл өрхөд огт хэрэглүүлдэггүй. Зөвхөн өөрөө төмс тариалах үедээ ашигладаг. Уг төслийн мөнгөөр ногоо хадаглах зоорь бариулсан боловч нутгийн иргэд ашиглаж чаддаггүй.
  • Дархан цаазат газрын ан амьтанд тавьж өгөх нэрийдлээр жил бүр улсын мөнгөөр их хэмжээний хадлан бэлтгэдэг хэдий ч уг хадланг зориулалтын дагуу ашиглалгүй өөрийн мал байрлах Баян-Агт сум руу тогтмол зөөдөг. Ингээд ч тогтохгүй тэр хавийн малчин өрхүүдийн бэлчээрийг хадаж авах айлуудыг хууль бусаар өвс хадсан гэж хураан авч өөрийн малдаа өгдөг. 
  • Д.Болорчулуун нь өөрөө Эрдэнэт хотод амьдардаг бөгөөд ажилдаа ирдэггүй, ажилдаа ирэхээрээ ажилчидтай зүй бусаар харьцаж, хамгаалалтын захиргааны өрөөнүүдийг камержуулан утсаараа бүх ажилчдаа хянаж дарамталдаг.
  • Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилчдыг өөрийн хувийн бизнест ажиллуулдаг. Тухайлбал, хавар мал төллөх цагаар ажилчдыг Баян-Агт суманд байх өөрийн малыг төлүүлэх ажилд дайчилдаг мөн тус суманд байрлах амралтын газрынхаа тохижилтын ажилд дайчилж ажиллуулсан гэж дурджээ.

Өөр нэгэн мэдээлэл бий нь Д.Болорчулууныг нэр бүхий сайд хамгаалдаг учраас сумын удирдлагууд арга хэмжээ авч чадахгүйд хүрсэн гэх мэдээлэл бий. Энэ тухай бид дараагийн нийтлэлдээ дурдах бөгөөд Авлигатай тэмцэх газраас түүнийг шалгаж буй процесс хэрхэн үргэлжилж буй талаар ч мэдээлэх болно.

Ташрамд дурдахад, Д.Болорчулууныг 2016 онд тус хамгаалалтын захиргааны даргаар томилсон байна. Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 2021 оны байдлаар нийт 28 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан байна.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ ...