Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй нэг тохиолдлыг шинжилж байна

Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй нэг тохиолдлыг шинжилж байна

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор өчигдрийн 19 цагаас эхлэн 24 цагийн хугацаанд аймгийн төв Есөнбулаг суманд хөл хорио тогтоосон. Ингэхдээ аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг хязгаарлах бол орох хөдөлгөөн хэвийн байлгах юм. Мөн хугацаанд үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ, аймгийн Засаг даргын захирамж гарсан.

Энэ талаар Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос мэдээлснээр “Нэг хүн сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн. Шинжилгээг Улаанбаатар хот руу Зооноз өвчин судлалын үндэсний төв рүү явуулсан. Өнөөдөртөө шинжилгээний хариу нь гарна. Шинжилгээний хариу гарсны дараа цаашид хязгаарлалтаа үргэлжлүүлэх эсэхээ шийднэ” гэсэн байна.

Мөн сэжигтэй тохиолдлын тархвар зүйн зураглал гаргаж, нэгдүгээр хавьтлыг илрүүлж голомтын хүрээг тогтоохыг эрүүл мэндийн газарт даалгажээ. Харин шинжилгээний хариу болон тархац тодорхойгүй байх энэ хугацаанд  төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд цахимаар ажиллах, хангагч байгууллагуудаас бусад бүх үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Говь-Алтай аймгийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газар, онцгой байдлын газарт үүрэг болголоо.