ШУУРХАЙ: Х.Баттулга, Г.Байгалмаа, Н.Алтанхуяг нарын 79 хүнд холбогдох ХБ-ны хэргийг АТГ шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ

ШУУРХАЙ: Х.Баттулга, Г.Байгалмаа, Н.Алтанхуяг нарын 79 хүнд холбогдох ХБ-ны хэргийг АТГ шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ

Хөгжлийн банкны нийт олгосон зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн үлдэгдэл нийт зээлийн 57 хувь буюу 1,8 их наяд төгрөгт хүрээд байсан. Үүнээс 514,5 тэрбум төгрөгийн зээлийг энэ сарын байдлаар эргэн төлүүлээд байгаа юм. Тэгвэл Хөгжлийн банкнаас зээл аваад эргүүлэн төлөөгүй, зээл олголтод хууль бусаар нөлөөлсөн гэх 79 хүний хэргийг АТГ-аас шалгаж дуусаад шүүх рүү шилжүүлж байгаа аж..

Дээрх хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга асан Г.Байгалмаа болон зээл олголтод оролцсон Хөгжлийн банкны 20 гаруй албан тушаалтан байгааг албаны эх сурвалж мэдээлэв. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн Банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн Хөгжлийн Банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон үндэслэлээр дээр дурдсан зүйл ангийн дагуу яллагдагчаар татах санал хүргүүлсэн байна.

Харин Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарыг хуйвалдааны шинжтэйгээр 33 тэрбумын зээлийг Хөгжлийн банкнаас авсан гэж шалгаж буй юм. Харин Х.Баттулга, Г.Байгалмаа нарыг "МоАХ"-ны газрыг барьцаалд Хөгжлийн банкнаас зээл аваад эргүүлэн төлөөгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.