ТОДРУУЛГА: Уулчин Х.Бумхишиг "хөлөө хөлдөөснөө нууж байсан" бөгөөд МУҮХ-ноос ӨНӨӨДӨР аврах баг явуулжээ

ТОДРУУЛГА: Уулчин Х.Бумхишиг "хөлөө хөлдөөснөө нууж байсан" бөгөөд МУҮХ-ноос ӨНӨӨДӨР аврах баг явуулжээ

Киргизстан, Тажикстан улсуудын нутагт орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Памирын нурууны Ленин оргилын 5800 метр өндөрт гацаад буй уулчин Х.Бумхишигийн талаар Монгол Уулчдын үндэсний холбооны албаны эх сурвалжаас тодруулахад, "Ууланд авирах улирал дууссан учир тухайн ууланд уулчид байхгүй байгаа. Тиймээс Монголын уулчдын үндэсний холбооны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э.Даваадоржын хамтаар өнөөдөр /2022.09.08/ өглөө Улаанбаатараас ниссэн.

Уулчин Х.Бумхишигтэй өчигдөр орой мессенжерээр нь холбогдож байсан ч одоогоор холбогдох боломжгүй байна. Утасных нь цэнэг дууссан байх" гэсэн юм.

Тэгвэл тухайн ууланд авирах улирал дууссан байхад яагаад соло авиралт хийхээр явсан. Уулчныг хөлөө хөлдөөснийг хэрхэн мэдсэн талаар лавлахад "Манай уулчин Ленин оргилд гарахаасаа өмнө эхний кэмфт "Монгол Улсын уулчин Х.Бумхишиг" гээд өөрийгөө бүртгүүлсэн юм билээ.

Тухайн улсын консул манай консулаар дамжуулан мэдэгдсэнээр бид Х.Бумхишигийг тус ууланд авирахаар явсныг мэдсэн. Харин уулчин маань хөлөө хөлдөөсөн гэдгээ эхэндээ нууж байсан бөгөөд холбооны зүгээс мэдсэн даруйдаа аврах баг явуулаад байна" гэлээ. Бид уулчин Х.Бумхишигийг аврах ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар эргэн мэдээлэх болно. 

Х.Буянхишигийг аврахаар явсан С.Ганхүү, Э.Даваадорж нар