ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Их Британийн III Хаан Чарльзд гүн эмгэнэл илэрхийлж, зоригтой байхыг хүсжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Их Британийн III Хаан Чарльзд гүн эмгэнэл илэрхийлж, зоригтой байхыг хүсжээ

 Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс /Англи/-ын хаан ширээнд сүүлийн 70 жил /1952-2022/ суусан Хатан хаан II Элизабет 96 насандаа /1926-2022/ таалал төгслөө.

Тэрбээр өнгөрөгч шөнө Шотланд дахь Балморал шилтгээндээ байхдаа бие нь муудаж, эмчийн хяналтад ороод байсан ч Английн цагаар 18:30 цагт ордны гадна төрийн далбааг хагас бөхийлгөж хатан хаан II Элизабетыг таалал төгссөнийг албан ёсоор зарласан байна. Иймд өнөөдрөөс эхлэн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсыг III Хаан Чарльз удирдаж эхлэх аж.

Тус мэдэгдлийг сонссон дэлхийн нэр нөлөө бүхий эрхмүүд эмгэнэл илэрхийлсээр байгаа бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин III хаан Чарльзд II Елизаветийг нас барсанд гүн эмгэнэл илэрхийлсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ. Тэрбээр, “Олон жилийн турш II Елизавет өөрийн харьяат хүмүүсийн хайр, хүндэтгэлийг зүй ёсоор эдэлж, дэлхийд ноёрхох эрх мэдэлтэй нэгэн байсан. Энэ хүнд нөхөж баршгүй хохирлыг даван туулахад зоригтой, тэвчээртэй байхыг хүсэж байна” гэжээ.

Харин III хаан Чарльз хааны гэр бүлийн хувьд энэ оны эхээр Орос, Украины асуудлаас үүдэн Украиныг дэмжиж байгаагаа илэрхийлж, тухайн үед "Бид харгис түрэмгийллийг эсэргүүцэж буй бүх хүмүүстэй эв санааны нэгдэлтэй байна" гэж байжээ.