Жил бүрийн есдүгээр сард дотоодын жуулчид хунгийн чуулган үзэхээр Сүхбаатар аймгийн Ганга нуурыг зорьдог. Тэгвэл энэ жилээс тус нуурыг зорихгүй байхыг нутгийн иргэд анхааруулжээ. Тодруулбал, тус нутгийн нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа "Нүүдлийн шувууд нь манай оронд ирж зусаад намар болохоор буцдаг. Тэд нүүдлээс өмнө сүрэглэн, явах бэлтгэлээ базаадаг. Зун өндөглөсөн ангаахайнууд бас хамт явна. Хоол хүнс, хүч тамираа нөөцөлж аваад Хятад, Солонгос зарим нь тэрнээс ч хол нүүдэг юм аа. Тэр урт, хүнд хэцүү аялалд тухтай бэлтгэх боломж олгохгүй үргээгээд байхаар замдаа асар ихээр хорогдоно" гэжээ.
