Завханд гарсан ойн түймрийн голомтод 324 хүн дөрөв дахь өдрөө ажиллаж байгаа ч түймэр Тувагийн хилийн давжээ

Завханд гарсан ойн түймрийн голомтод 324 хүн дөрөв дахь өдрөө ажиллаж байгаа ч түймэр Тувагийн хилийн давжээ

Завхан аймагт Баянтэс суманд их хэмжээний ойн түймэр дэгдэж, Тува улсын хилийг давсан талаар Экологийн Цагдаагийн газраас мэдээллээ. 
 
Тодруулбал, 2022 оны есдүгээр сарын 8-ны өдөр Баянтэс сумын “Цуурайн эх” гэдэг газарт ой хээрийн түймэр гарч, Аймгийн шуурхай штаб оройн 23:00 цагт яаралтай хуралдсанаар шуурхай арга хэмжээ авч ажиллаж эхэлжээ. Түймэр ОХУ-ын Тува улсын хилийг давсан бөгөөд одоогоор 7200 га газрыг хамараад байгаа юм байна. 
 
Өнөөдөр /2022.09.12/-ийн байдлаар тойргийн сумд болох Сонгино, Түдэвтэй, Нөмрөг, Асгат, Баянхайрхан сумын алба хаагчид мэргэжлийн ангиудын төлөөллүүдээр хүч нэмэгдүүлжээ.
Мөн Тэс сумын хилийн цэргийн 0277 дугаар анги, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 274 дүгээр салбар, аймгийн ЗДТГ, шуурхай штабаас нийт 324 хүн 43 техник хэрэгсэлтэйгээр түймрийн голомтод ажиллаж байна.
Түймэр уулархаг, модтой газар дэгдсэн учир унтраах явцад хүндрэлт үүсчээ. Тува улсын нутаг дэвсгэр лүү орсон түймрийн хэмжээ одоогоор тодорхойгүй байна.