"Хяргас-Нуур Завхан голын сав газрын захиргаа", "Биологийн хүрээлэн"-тэй хамтран Завхан аймгийн Дөрвөлжин сумын "Онц" багт байрлах Бага нуурт 2019-2021 онуудад үхсэн 18 зүйлийн, 5000 гаруй шувууны үхлийн шалтгааныг тогтоожээ.
Мэргэжлийн багийн хийсэн лабораторийн микробиологийн шинжилгээгээр тус шувуудаас E coli, Salmonella, Citrobacter spp, Klebsiella spp. Escherichia coli, Staphylococcus aureus зэрэг бактериуд илэрчээ. Эдгээр бактериуд нь шувууны цитробактериоз, клебсиеллез, колибактериоз, стафилококкоз гэх зэрэг өвчнийг үүсгэдэг байна.
Шувуудыг үхэлд хүргэсэн гэх Бага нуур нь Завхан аймгийн төвөөс 380 орчим км зайтай, гадагш урсгалгүй, нуурт цутгал гол, горхигүй, урт 6,2 км, өргөн 1 км, дундаж гүн 7,4 м, давстай нуур юм.
Үүнтэй холбоотойгоор сав газрын захиргаа, нутгийн малчидтай хамтран нуурын эргэн тойронд үхсэн малын сэг зэмийг устгах, цэвэрлэх, мал ихээр ундаалдаг газрыг хаших, нуурын эргээр тархсан ургамлын үлдэгдэл, шувуудын үүрийг цэвэрлэх ажлыг зохион байгуулаад байгаа бөгөөд нуурын ойр орчимд намаржиж буй малчдыг малаа нууранд оруулахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.