Нигер улсад "Нойтон түрээс"-ээр ажиллаж байсан "Изинис эйрвэйз" ХХК-ийн инженер учир битүүлгээр нас барсан хэрэг гарчээ

Нигер улсад "Нойтон түрээс"-ээр ажиллаж байсан "Изинис эйрвэйз" ХХК-ийн инженер учир битүүлгээр нас барсан хэрэг гарчээ

Монгол Улсын агаарын тээврийн салбарт "Аэро Монголиа", "Хүннү Эйр", "Изинис Эйрвэйз", "Монголиан Эйр Карго" гэсэн дотоодын дөрвөн авиа компани үйл ажиллагаа эрхэлдэг. 

Хэдхэн хоногийн өмнө эдгээрийн нэг болох МИАТ-ийн захирал асан Ч.Хоролсүрэнгийн эзэмшлийн "Монголиан эйрвэйс" ХХК-ийн нисдэг тэрэг ноцтой шалтгаанаар ослын буулт хийсэн нь олны анхаарлыг татаад байгаа.

Тэгвэл эс асуудлын чимээ дамжиж амжаагүй байтал "Изинис Эйрвэйз" компанитай холбоотой бас нэгэн харамсалтай үйл явдал болжээ. 

Тодруулбал, "Изинис Эйрвэйз" компани нь EI-ULN бүртгэлийн дугаартай B737NG маркийн агаарын хөлгөөр Холбооны Бүгд найрамдах Нигер улсад "Нойтон түрээс"-ээр нислэг үйлдэж байжээ. “Нойтон түрээс” гэдэг нь түрээслүүлэгч агаарын хөлөг, түүний техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн анхдагч болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцаж, харин түрээслэгч нь зорчигч, ачаа тээшний хариуцлагын даатгал, газрын үйлчилгээ, агаарын хөлгийг нислэгт гаргах ажлыг гүйцэтгэдэг түрээсийн нэг хэлбэр юм.

Дээрх гэрээний дагуу "Изинис Эйрвэйз" компанийн нисэгч, инженер, үйлчлэгч, нислэгийн хяналт зохицуулалтын ажилтнуудаас бүрдсэн баг Холбооны Бүгд найрамдах Нигер улсад ажиллаж байгаад хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирсэн байна. 

Гэтэл тус багийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан инженер Х.Б нь эх орондоо ирэхийн өмнөхөн буюу есдүгээр сарын 19-ны өдөр Нигер улсад зуурдаар нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаачийн үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд эл хэргийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа аж.  

-"ИЗИНИС ЭЙРВЭЙЗ" ХХК НИГЭР УЛСАД НОЙТОН ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭГЭЭР ОНГОЦОО ТҮРЭЭСЭЛЖ, ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛЭЭ САНХҮҮЖҮҮЛДЭГ БАЙЖЭЭ-

Ташрамд өгүүлэхэд, “Ньюком” компани 2006 онд “Изинис”-ийг дотоодын нислэг үйлдэх зорилгоор байгуулсан бөгөөд "Изинис эйрвэйз" ХХК-ийг хувь эзэмшигчээр Т.Эрдэнэ, Э.Золзаяа нар бүртгэлтэй байдаг аж. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

"Изинис эйрвэйз" ХХК нь Иргэний нисэх, агаарын тээвэр өргөжүүлэх төслийн хүрээнд 2019 оны аравдугаар сарын 29-ны өдөр 22.9 тэрбум төгрөгийн зээлийг ухайн үеийн ТУЗ-ийн шийдвэрээр Хөгжлийн банкнаас авсан байдаг. Улмаар зээлийн эргэн төлөлт хангалтгүй болж, Хөгжлийн банкны анхаарал хандуулах зээлийн жагсаалтад орж, өдгөө зээлийн нийт үлдэгдэл нь 29.3 тэрбум төгрөг болоод байгаа аж. Харин тус компани нь Холбооны Бүгд найрамдах Нигер улсад нойтон түрээсийн гэрээгээр онгоцоо түрээсэлж үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг байсан бөгөөд цар тахлын улмаас олон улсын нислэгүүд зогссон тул борлуулалтын орлогогүй болж зээлийг хуваарийн дагуу төлөөгүй гэх тайлбарыг өгдөг байжээ.