УИХ-ын 2026 оны долоодугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар суралцахын зэрэгцээ хөдөлмөр эрхэлж буй оюутан, суралцагчдад зориулсан шинэ зохицуулалт бий боллоо.
Шинэ зохицуулалтаар мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, их сургууль, коллежид суралцаж буй 15-24 насны оюутан, суралцагч хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэхтэй адилтгах гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд өөрийн хүсэлтээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалаас бусад нийгмийн даатгалын төрөлд даатгуулахгүй байж болно. Мөн оюутан, суралцагч 26 нас хүрэхээсээ өмнө төлөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой болж байна. Ингэхдээ нийгмийн даатгалын байгууллагад хүсэлт гаргаж, шимтгэл төлөх хугацаа болон хэмжээг гэрээгээр тохиролцох юм.
Энэхүү зохицуулалт нь суралцахын зэрэгцээ ажил хөдөлмөр эрхэлж буй залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шимтгэл төлөлтөд уян хатан нөхцөл бүрдүүлэх зорилготой бөгөөд 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.