СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монголын тодорхой тооны иргэд биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг явуулдаг Мьянмарын "КК парк"-ын хохирогч болжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монголын тодорхой тооны иргэд биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг явуулдаг Мьянмарын "КК парк"-ын хохирогч болжээ

Монгол Улсын тодорхой тооны иргэд Мьянмар улсын цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг болон мансууруулах бодисын хууль бус худалдаа зохион байгуулдаг "КК парк" гэх газар хохирогч болжээ. 

Тиймээс Монгол Улсын Тагнуулын ерөнхий газраас дээрх хохирогчдыг эх орондоо авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа аж. Мьянмар улсын "КК парк" гэх газар нь гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ цахим орчинд англи, хятад хэлний орчуулагч, хүний нөөцийн мэргэжилтэн, оператор зэрэг ажилд өндөр цалин, хангамж амласан худлаа зар мэдээлэл оруулж, иргэдийг хууран мэхэлж өөрийн улсдаа авчирдаг байна. Улмаар онгоцны тасалбар, даатгал, зочид буудал, хоолны зардлыг хариуцсан нэрээр өрийн дарамтад оруулж, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх замаар цэрэгжсэн хамгаалалт дор албадан хөдөлмөр эрхлүүлдэг байна.

Хохирогчид бусдын хүчинд автан тус бүсэд шинээр хүн олж авчрах, зуучлах ажлыг гүйцэтгэж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа аж. Тиймээс Тагнуулын ерөнхий газраас хөдөлмөрийн таатай нөхцөл амлаж, өндөр цалинтай ажилд зуучилна гэх худал мэдээлэлд хөтлөгдөн гадаад улсад зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.