БАРИМТ: Л.Наранбаатар "Хөтөлийн цемент"-д мэргэжлийн бус хүн томилсон, сэлбэгийн нөөцийг бүрдүүлээгүй нь ҮЙЛДВЭР ЗОГСОХОД хүргэсэн гэж ЗГХЭГ дүгнэжээ

БАРИМТ: Л.Наранбаатар "Хөтөлийн цемент"-д мэргэжлийн бус хүн томилсон, сэлбэгийн нөөцийг бүрдүүлээгүй нь ҮЙЛДВЭР ЗОГСОХОД хүргэсэн гэж ЗГХЭГ дүгнэжээ

Хөтөлийн цемент-шохойн үйлдвэрийн Чулуунцарын зуух эвдэрснээс үүдэн цемент тасалдаж улмаар эрэлт нэмэгдэн, үнэ өссөн гэх мэдээллийг бид өмнө нь мэдээлсэн. Үүнд тус үйлдвэрийн захирлаар томилогдсон Л.Наранбаатар буруутай гэдгийг үйлдвэрийн зарим ажилчид хэлж байгаа юм. Энэ тухай мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

-ӨМНӨХ ИНЖЕНЕР НЬ АЖЛААС ГАРЧ ОРОНД НЬ ТУРШЛАГАГҮЙ, МЭРГЭЖЛИЙН БУС ХҮМҮҮСИЙГ ТОМИЛСОН-

Тэгвэл саяхан Засгийн газрын хэрэг, эрхлэх газар /ЗГХЭГ/-аас ажлын хэсэг гарч Хөтөлийн цемент-шохойн үйлдвэрт шалгалт хийж, "Чулуунцарын үйлдвэр нь 60 метрийн урттай бөгөөд энэ оны 3-7 саруудад доторлогооны тоосго нимгэрч зуухны гадна талд үүсч буй температур 480С-аас хэтэрч халалт үүссэнээс шалтгаалан зогссон байна. 2022 оны 7 дугаар сард өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад хэт өндөр ачаалалтай ажилласан. Мөн тус үйлдвэрийг зогсоход хүргээд байгаа Чулуунцарын үйлдвэрийн засварт шаардагдах сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлж чадаагүй" гэж дүгнэжээ.

ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээс

Мөн уг шалгалтаар Хөтөлийн цемент-шохойн үйлдвэрийн захирал Л.Наранбаатартай холбоотой хэд, хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал, "Хөтөлийн цемент-шохойн үйлдвэр хувийн хэвшлээс төрд шилжсэний дараа төрийн өмчит компанийн холбогдох хууль тогтоомж, журмын дагуу ажиллах гэж хугацаа алдсан.

Мөн шинэ захирал /Л.Наранбаатар/ нь үйлдвэрийн үйл ажиллагаанд үнэн зөв бодитой дүгнэлт хийгээгүй, төлөвлөлтийн алдаа гаргасан гэжээ.

Цаашлаад "Хөтөлийн цемент-шохойн үйлдвэрийн өмнөх удирдлагын багт ажиллаж байсан ерөнхий инженер, технологийн инженерүүд болон олон жил ажилласан зарим албан хаагч ажлаас гарсан. Тухайлбал, Ерөнхий инженер хоёр удаа солигдсон, шинээр томилогдсон инженер нь сүүлийн таван жил тус үйлдвэрт ажиллаагүй мөн зарим удирдлагуудыг мэргэжлийн бус хүнийг удирдах албан тушаалд томилсон" гэж шалгалтаар дүгнэсэн байна.

ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээс

-ЧУЛУУНЦАРЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЛД ТЭСВЭРТЭЙ ТООСГЫГ ХУГАЦАА АЛДАЖ ЗАХИАЛСАН ГЭЖЭЭ-

Мөн ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтэд, "Чулуунцарын үйлдвэр 2022 онд засварт 116 хоног зарцуулсан бол 2022 оны наймдугаар сарын 19-ны өдрөөс үйл ажиллагаа нь бүрэн сул зогссон 42 хоногийн хугацаанд 14.9 тэрбум төгрөгийн орлого алдсан байна. Чулуунцарын үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон шалтгааныг судалж үзэхэд 2022 онд 5 удаагийн түр зогсолтыг хийж галд тэсвэртэй тоосгоны дулаалга хийсэн байгаа ч шаардлагатай тоосгоны нөөцийг цаг тухайд нь бүрдүүлж чадаагүйн улмаас 116 хоногийг засварт зарцуулсан. 

Цементийн үйлдвэрийн засварын ажил удааширсан шалтгааныг гаргаж үзэхэд засварт шаардлагатай галд тэсвэртэй тоосгоны захиалгыг хугацаа алдаж захиалсан нөөц бүрдүүлэлтгүй байгааг харуулж байна" гэжээ. 

Цаашлаад, "худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 12.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 62 ажлыг хууль зөрчиж шууд гэрээ байгуулан худалдан авалт хийсэн. Хөрөнгө худалдан авахад 313.5 сая төгрөгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бэлтгэсэн" гэж дүгнэжээ. 

ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт

-ЦЕМЕНТ 57.7 МЯНГАН ТОНН, ШОХОЙ 3.3 МЯНГАН ТОННООР ТАСАРСАН ГЭЖЭЭ-

ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтэд, "Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2022 оны эхний 8 сарын байдлаар 264.7 мянган тонн цемент үйлдвэрлэж, 82.1 хувийн гүйцэтгэлтэй болж 57.7 мянган тонноор, 97.5 мянган тонн шохой үйлдвэрлэж, 91.9 хувийн гүйцэтгэлтэй болж 3.3 мянган тонноор тус, тус тасарсан. Нийт орлогоор 63.515.0 сая төгрөг төвлөрч, 87.1 хувийн гүйцэтгэлтэй болж төвлөрсөн хэмжээнээс 9.395.2 сая төгрөгөөр буюу 12.9 хувиар тус, тус тасарсан байна.

Мөн нийт зардал гүйцэтгэлээр 53.481.4 сая төгрөг болсон нь төлөвлөсөн дүнгээс 3.244.5 сая төгрөгөөр буюу 4.3 хувиар бууруулжээ. Тайлант хугацаанд 16.184.3 сая төгрөгийн ашигтай ажиллахаар төлөвлөж, татвар төлөхийн өмнөх байдлаар 10.033.7 сая төгрөгийн ашигтай 9.340.2 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан төлөвлөсөн зорилт хангагдаагүй, 98 хувиар буюу 6150.6 төгрөгөөр дутуу байна" гэж дүгнэсэн байна. Харин үйлдвэрийн ажилчдын хэлж буйгаар Л.Наранбаатар нь өмнөх удирдлагуудын тоосгоны захиалгыг цуцалж өөр газраас тоосго авсан. Гэвч түүний авсан тоосго чанарын шаардлага хангаагүйгээс үүдэн үйлдвэр эвдэрч зогссон гэж буй. 

ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт




ТЕНДЕРИЙН УРИЛГА

3 цагийн өмнө