ИРГЭД: Тавдугаар сарын 30-нд бүх нийтийн жагсаалд очно

ИРГЭД: Тавдугаар сарын 30-нд бүх нийтийн жагсаалд очно

Иргэн Б.Амгалан:

БИ АМЬ НАСАА АЛДСАН Ч ХАМААГҮЙ, АЧ ЗЭЭ, ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ОЧНО

Би очно. Ач зээ нарынхаа төлөө, хүүхэд эмэгтэйчүүдийнхээ төлөө очно. Хүчирхийлэл, архидалт энэ бүгдийн талаар дуу хоолойгоо нэгтгэхийн төлөө очно. Би төрийн цагдаагаа хүндэлж явдаг. Гэхдээ тэр Увс аймгийн цагдааг бодохоор л энэ олон сайхан төрийн улсын нэр хүндийг гутаасан цагдааг бодож гутарч байна. Төрсөн эцэг нь хүүхдээ хүчирхийлж байна. Авга, нагац нь хамаатан садныхаа хүүхдийг хүчирхийлж байна, үр хүүхдүүд минь алга болж байна. Олдож байгаа үгүйг нь мэдэгдэхгүй олон эцэг эхчүүдийн гол харалж байна. Олон сайхан цэцэг шиг охид хүүхдүүд маань бузарлагдаж байна. Энэ бүхнийг тэвчиж чадахгүй байгаа учраас жагсаал бүрт оролцож байна. Би амь насаа алдсан ч хамаа байхгүй. Монголынхоо сайхан үрсийн төлөө би очно.

Иргэн: Г.Ганбаатар:

ЭЦЭГ ЭХЧҮҮД, ӨВӨӨ ЭМЭЭ БИД НАР МАШ ИХ ШАНАЛЖ БАЙНА

Очно. Хүүхдийн эрхийг хамгаална шүү дээ. Бид хүүхдийн баяр гэхээсээ илүүтэй хүүхдийн эрхийг хамгаалах хэрэгтэй байна, жагсах, цуглах хэрэгтэй байна. Өнөөдөр Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүд дэндүү их хохирч байна шүү дээ. Энд эцэг эхчүүд өвөө, эмээ бид нар маш их шаналж байна. Саяхан биднийг хамгаалах ёстой төрийн цагдаа өөрөө хүний нялх үрийг хүчирхийлээд, бузарлалаа. Энэ чинь байж боломгүй асуудал.

Иргэн Г.Оюунгэрэл:

ЯАГААД БИДНИЙ ТӨЛӨӨ ДОРВИТОЙ АРГА ХЭМЖЭЭ
АВЧ БОЛОХГҮЙ БАЙГАА ЮМ

Би 1990 онд Ардчилсан хувьсгалд оролцож явахдаа нийгэмд шударга ёс тогтооё, хууль эрх тэгш үйлчлэе, хүн болгонд адил тэгш боломж олгоё, чөлөөт зах зээл бий болгоё гэж тэмцэж явсан хүн. Одоо 30 жилийн дараа шударга ёс алагдаж байгаад үнэхээр харамсаж байна. Тиймээс ч би шударга ёс шаардсан, хүссэн, иргэдийнхээ тэгш боломжийг шаардсан жагсаал болгон дээр очино. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг хүний хувьд үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд жагсана, үгээ хэлнэ.

Миний хувьд нийгэмд үүсээд буй энэ нөхцөл байдлыг маш эмзэг хүлээж авч байна. Би гурван хүүхэдтэй эх хүн. Нийгмийн сайн сайхны төлөө, шударга ёсны төлөө бүхий л амьдралаа зориулж ирлээ. Шийдвэр гаргах түвшинд, эрх мэдэлтэй байгаа хүмүүст үнэхээр харамсаж байна. Яагаад бидний төлөө дорвитой арга хэмжээ авч болохгүй байгаа юм, яагаад ил гараад нийгэмд хэлж болохгүй байгаа юм гэж харамсаж байна.