Цагдаагийн байгууллагаас нийслэлийн хэмжээнд нууц, далд аргаар зохион байгуулагдаж байгаа хуулиар хориглосон мөрийтэй тоглоомуудыг илрүүлэн таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Хяналт-2022” хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулж байгаа аж.
Тэгвэл нэр бүхий иргэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт мөрийтэй тоглоом зохион байгуулж, бүлэг бөөгнөрөл үүсгэж байсан нь тогтоогджээ. Тодруулбал, энэ сарын 20-ны /2022.10.20/ өдөр Хан-Уул дүүргийн 18-р хороо “LC tower” байрны ... дугаар давхарт ... дугаар тоот өрөөнг Б.Батмөнх гэгч нь түрээслэн долоон иргэний дунд мөрийтэй /покер/ тоглоом зохион байгуулж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.
Мөрийтэй тоглоом тоглож байсан иргэдийн дунд Ардчилсан намын дарга С.Эрдэнийн хүү Э.Энхтөгс, гавьяат тамирчин Б.Наранбаатар болон иргэн Ж.Энхжаргалан нарын хүмүүс байсан талаар эх сурвалж мэдээллээ. Мөн тус хэргийн газраас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис болон четон, бэлэн мөнгө “Но-Х-ша” нэртэй уусмал, тариур зэргийг хураан авсан байна.