Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд сонгогчдодоо таалагдах, дараагийн сонгуулиар дахин сонгогдохоо бодох нэг зовлон бий. Тиймээс ч улсын төсвөөр хийж буй бүтээн байгуулалтыг тойрогтоо хийсэн өөрийн гавьяа мэт сурталчилж, гарын бэлэг тараах нь үе үеийн гишүүдийн бараг л уламжлал болжээ.
Харин энэ удаа УИХ-ын гишүүн Э.Болормаа нэг алхам "урагшиллаа". Тэрбээр өчигдөр цахим хуудсаараа шууд дамжуулалт хийж, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн 80 малчин өрхийг Өвөр Монголын Шилийн гол аймагт туршлага судлуулахаар сугалаа явуулав. Малчид туршлага судлах нь буруу биш. Харин төрийн түшээ өөрөө лайв хийж, сонгогчдоо сугалаагаар тодруулан, үүнийгээ олон нийтэд харуулах шаардлага бий юу. Энэ нь УИХ-ын гишүүний ажил, ёс зүйн хувьд анхаарал татах асуудал мөн.
УИХ-ын гишүүн тойргийнхоо сонгогчдод юу өгч, хэнийг хааш нь явуулснаа харуулахын төлөө бус, нийт иргэдийн эрх ашгийг хамгаалж, хууль тогтоох, төрийн бодлогод хяналт тавих үүрэгтэй. Гэтэл төрийн түшээний ажил сугалаа явуулж, сонгогчдодоо хэн нь азтайг тодруулах хэмжээнд хүртлээ уналаа хэмээн олон нийтэд шүүмжилж байна. Төрийн түшээ тойргийнхондоо таалагдах гэж хичээхээс илүүтэй төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд анхаарах цаг болжээ.
ВИДЕО: