Мазаалай баавгай, Хавтгай тэмээ зэрлэг амьтны усан хангамжийг сайжруулах 30 тн ус хуримтлуулах төв байгуулжээ

Мазаалай баавгай, Хавтгай тэмээ зэрлэг амьтны усан хангамжийг сайжруулах 30 тн ус хуримтлуулах төв байгуулжээ

Нэн ховор Мазаалай баавгай, Хавтгай тэмээ зэрлэг амьтны усан хангамжийг сайжруулахаар худгуудын цооногт нарны өргүүр суурилуулан, 30 тн ус хуримтлуулах төв байгуулжээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Баян амны сайр, Баян-Өндөр сумын Хатан суудлын тал, Говь-Алтай аймгийн Алтай сумын Тооройн хоолой, Цогт сумын Цагаан дэрсний худгуудын цооногт нарны өргүүр суурилуулав. Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Буурын хярд байрлах нарны өргүүрт худагт 30 тн ус хуримтлуулах хөв байгуулсныг БОАЖЯ мэдээлсэн юм.

Тус бүс нутагт Говийн их дархан цаазат газрын А хэсэг Монгол Улсад хамгийн том газар нутагтай улсын тусгай хамгаалалттай газар нь нэн ховор Мазаалай баавгай, Хавтгай тэмээний гол байршдаг нутаг юм. Зэрлэг амьтад нэг уст цэгээс нөгөө уст цэг хүрэхэд 80-150 км замыг туулдаг аж.

Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилтээр энэ сарын 20-25-нд зэрлэг амьтны усан хангамжийг сайжруулах чиглэлээр эдгээр ажлыг хийжээ. Зөвлөхөөр Монгол Улсын усны Зөвлөх инженер Л.Төвд, гүйцэтгэгчээр "Баялаг говь" ХХК нь ажилласан байна.

ФОТО: