Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ЦАС орж, ХҮЙТЭРНЭ

Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ЦАС орж, ХҮЙТЭРНЭ

Өнөө маргаашдаа /2022.10.30-31/ төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, говийн бүс нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Ирэх долоо хоногийн Мягмар, Лхагва гараг буюу 11 дүгээр сарын 1-2-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. 

Салхи энэ сарын 31 болон 11 дүгээр сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.