Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг аравдугаар сарын 11-ний өдрийн 08:13 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажлыг зохион байгуулж байсан билээ.
Тэгвэл энэ аравдугаар сарын 30-ны өдрийн /2022.10.30/ 08:00 цагаас тус аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн харьяат иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт “Тавтын застав” гэдэг газар хүртэл 40 км-т, зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй зөвшилцөж эрэн хайх ажиллагааг зогсоосон аж.