Дархадын хотгорт байрлах 60 гаруй жилийн өмнө ширгэсэн Цойцон нуур сэргэж эхэлжээ

Дархадын хотгорт байрлах 60 гаруй жилийн өмнө ширгэсэн Цойцон нуур сэргэж эхэлжээ

60 гаруй жилийн өмнө ширгэсэн Дархадын хотгорт байрлах Цойцон нуурын ай сав усаар тэжээгдэж сэргэж эхэлжээ. 

Тодруулбал, эрдэмтэд Цойцон нуур эргэн сэргэх 70 хувийн боломжтой гэсэн дүгнэлт гаргаж БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Дархадын хотгорын цөлжилтийг багасгах, Рэнчинлхүмбэ сумын Цойцон нуурыг нөхөн сэргээх" төслийг санаачлан хэрэгжүүлсэн юм. Энэ хүрээнд тус нуурыг сэргээхэд шаардлагатай 800 сая төгрөгийг 2021 оны улсын төсөвт тусгуулж гүйцэтгэгчээр “Престиж инженеринг” ХХК шалгарч ажлаа эхлүүлсэн байна.

Улмаар өнгөрсөн зун ажлынхаа 90 гаруй хувийг амжилттай гүйцэтгэж, өнгөрсөн наймдугаар сараас Цойцон нуурын ай сав усаар тэжээгдэж сэргэж эхэлсэн байна.

Ийнхүү дээрх төсөл амжилттай хэрэгжсэнээр Хөвсгөл далайг тэжээн тэтгэх хамгийн том эх үүсвэр болсон Дархадын хотгорын газрын гүний цэвэр усны нөөц, цэвдэгшил, нуур орчмын байгаль экологи дахин сэргэх боломж бүрдэж байгаа аж.  Эргэн сануулахад, Хөвсгөл нуурын цэнгэг усны эх үүсвэрийг бүрдүүлдэг Дархадын хотгорт 300 орчим гол, нуур байсан боловч цөлжилтийн улмаас 200 орчим нь ширгэсэн гэж үздэг. Үүний нэг нь 1960-аад оны сүүлээр их хэмжээний үер болж Дархадын хотгорт байх Цойцон нуурыг тэжээдэг голын голдирол өөрчлөгдсөнөөр нуур ширгэсэн юм.